Арван жил. Бат намайг яг арван жил хайрласан. Дунд сургуулийн дөрөвдүгээр ангиас эхлээд их сургуулиа төгсөөд ажилд ортол тэр миний сүүдэр шиг л байлаа. Хаашаа ч харсан Бат байж байдаг, юу ч хэрэг болсон Бат гараа сунгадаг байв. Гэвч хүн гэдэг сонин амьтан. Хажууд байгаа, хэзээ ч орхиод явахгүй гэж итгэсэн тэр үнэнч сэтгэлийг би "уйтгартай" гэж голдог байлаа. Түүний цэцэг бариад хүлээж зогсох нь надад дарамт мэт санагдаж, түүний чин сэтгэлийн үгс "хуучирсан" мэт санагддаг байв. Би аюултай, шинэлэг, сэтгэл догдлуулсан зүйлийг хүсэж байлаа.
Тэр зун би сошиал ертөнцөд нэгэн залуутай танилцсан юм. Түүнийг Тулга гэдэг. Загварлаг хувцаслалт, үнэтэй машин, хаана ч очсон өөртөө итгэлтэй байдал нь намайг соронз шиг татсан. Долоо хоног чаталсны эцэст бид уулзахаар тохиров. Бат тэр өдөр над руу залгаж, "Ану, би чамайг гэрт чинь хүргээд өгөх үү? Оройтох хэрэггүй дээ" гэж анхааруулсан ч би "Чи миний аав биш, битгий заагаад бай" гэж утсаа тасалсан юм. Тэр миний хамгийн том алдаа байлаа.
Баасан гарагийн орой. Тулга намайг хотын захын нэгэн шинэ хорооллын байрны гадаа ирж авлаа. "Найзуудтайгаа жоохон сууж байна, чи ороод танилцчих. Тэгээд хоёулаа гарна" гэсэн түүний үгэнд би эргэлзээгүй итгэсэн. Бид цахилгаан шатанд сууж, 12 давхарт гарлаа.