Одоогоос хэдэн жилийн өмнө Сөүл хотын захдуух нэгэн дүүрэгт хэлний бэлтгэлд сурч байх үед тохиолдсон явдал юм. Солонгост ирээд удаагүй байсан болохоор "гадаадын монголчуудын" амьдралыг зурагтаар л үздэг, өөрөө хараахан хатуу хүтүүг нь мэдэрч амжаагүй явсан үе.
Нэгэн орой олон жил нөхөрлөсөн, Солонгост ирээд гурван жил болж байгаа Сарнай найз маань залгав. Тэр өдөр нь сургуульдаа явж, орой нь нэгэн ресторанд туслах тогооч, аяга угаагчийн ажил хийдэг байлаа.
— Анир аа, туслаач! Хамт ээлжинд гарах ёстой хүн маань гэнэт ирж чадахааргүй болчихож. Эзэн хүн олохгүй бол болохгүй гээд байна. Чи ганцхан шөнө надтай цуг ажиллачихаж чадах уу? Оройны 7-гоос өглөөний 7 хүртэл. Ажил нь аяга угаах л юм, чи чадна шүү дээ. 85,000 вон өгнө гэж байна, гэж гуйлаа.
Би дотроо "Аяга угаах л юм уу? Чадалгүй яахав дээ. Насаараа л гэртээ угаасан туршлага байна" гэж бодов. Тэр үеийн ханшаар 170 гаруй мянган төгрөг гэдэг чинь ганц шөнө унтахгүй байхад боломжийн л мөнгө санагдаж байлаа. Найздаа тус болонгоо хэдэн төгрөг егзөрүүлчихье гэж шийдээд, зоригтойхон шиг "Тэгье ээ, очлоо" гээд хэлчихэв.
Гэрээсээ гарахдаа нэлээн өөдрөг амьтан гарав. Утсан дээрээ хэдэн хурдан хэмнэлтэй дуу татаад, "Дуугаа сонсоод, ганц нэг бүжиглэж маяглаад угааж байтал шөнө өнгөрчихнө биз" гэж бодоод чихэвчээ зүүчихсэн алхаж очлоо. Гэтэл ажлын байран дээр ирээд л миний төсөөлөл "тас" хийгээд л нурчихав.