Рашаан булгийн хилэн
Монголчууд эртнээсээ рашаан булаг, ундаргатай усыг амьтай хэмээн үзэж, түүнийг хилэгнүүлбэл эзэн савдаг нь гэсгээдэг гэж итгэсээр ирсэн билээ. Урсгал усанд сүү, цагаан идээ, улаан мах оруулахыг хатуу цээрлэдэг нь ч учиртай. Учир нь ус бол зөвхөн биеийн цангааг тайлах төдий бус, газар дэлхийн амьсгал, шүншиг орших орон хэмээн өвгөд ярьдаг байжээ. Харин энэ бичигдээгүй хуулийг зөрчвөөс ямар аймшигт үр дагавар учирч болдгийг дор өгүүлэх нэгэн хэрэг явдал тодхон харуулна.
1960-аад оны эхэн үед одоогийн Дарь-Эхийн 1-р буудлын орчимд, хүний хөл төдийлөн хүрээгүй, нам гүмхэн нэгэн жижиг булаг байжээ. Тухайн үед тэр хавиар айл амьтан тун сийрэг, мал сүрэг ч цөөн тул уг булаг бохирдох нь бүү хэл, ус нь жилийн дөрвөн улиралд тунгалаг, хүйтэн, амттайгаараа алдартай байсан гэдэг. Ойр орчмын хэдхэн айл уг булгийн усыг ундандаа хэрэглэж, өглөө бүр нар мандахаас өмнө очиж ус авдаг заншилтай байв.
Тэр үед Санхүүгийн техникумд суралцаж байсан Чулуун гэгч залуугийн эхнэр Цэцэг нэгэн удаа булагаас ус авахаар очжээ. Тэрбээр сүүтэй байсан саваа замдаа дүүргэж явсан бөгөөд ус авахын өмнө саваа зайлахдаа сүүг нь булгийн ам руу асгаж орхисон аж. Сүү цагаантаж, тунгалаг усанд хутгалдан урсахыг харсан ойролцоох айлын хүмүүс цочин балмагдаж, “Ус хилэгнэнэ, ингэж болохгүй!” хэмээн ихэд зэмлэсэн гэдэг.