Altanzul 2026.01.30

ХАР ЦЭЦЭГ /Аймшгийн өгүүллэг/

altanzul

altanzul

Зохиогч

15 мин
ХАР ЦЭЦЭГ /Аймшгийн өгүүллэг/

ХАР ЦЭЦЭГ /Аймшгийн өгүүллэг/ Бороо цутгаж байв. Зуны улирал атал цаанаа л нэг жиндүүхэн бөгөөд гудамжаар холхих хүмүүс цөм дүнсийж ууртай царайлан хаа нэг тийшээ яарна. Өнөөдөр чинь ямар гээчийн өдөр вэ? 
Хаа сайгүй замын түгжрээ, уурлаж хашхичсан жолооч нарын дуу бүр дээд цэгтээ хүрч бие бие рүүгээ чанга чанга зандарна. Зэвхий тэнгэрээс цутгах их усан дуслууд хэзээ ч дуусч дундрахгүй нь уу гэлтэй цутгасаар л. Уг нь бороо ороход хүмүүс баярладаг байтал энэ удаа шал эсрэгээрээ. Бүгд л айдас түшүүр ямар нэгэн бухимдалд автжээ. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хажуугаар өнгөрөөд Тэнгис кино театрын хойно байрлах гэрийнхээ зүг явж байгаа Сэлэнгээгийн нүдэнд залуухан эх тав орчим насны болов уу гэмээр жаахан хүүхдээ ямар ч хайр энэрэлгүй зодож бахируулах нь өртөв. Ийм залуухан, бас давгүй царайлаг энэ туранхай бүсгүйд өрөвдөх сэтгэл гэх юм ер алга аа. Энэ хүйтэн борооноор нимгэн хувцасласан жаахан хүү ээж ээ хэмээн аврал эрэн сарвалзаж газар хэвтэх авч өнөөх бүсгүй хүүг үг дуугүй дэвслэн өшигчих нь Сэлэнгээд аргагүй аймшигтай санагдаж байлаа. Хамгийн гайхалтай нь түүний хажуугаар өнгөрөх хүмүүс “Хүүгээ зодож байгаа эх бидэнд ямар ч хамаагүй” гэж үзсэн үү эсвэл бүр анзаарсан ч үгүй юу ямартай ч огтхон ч эмзэглэсэнгүй, бүр тоож ч харсангүй. 

Өнөөдөр чинь энэ хүмүүс ер нь юу болчихоо вэ? Сэлэнгээ өөрийн эрхгүй амандаа ийн дуу алдаж энэ асуултанд нь хэн нэгэн хариулчих юм биш байгаа гэсэн шиг орчин тойрноо горьдлогын нүдээр харан бүлтгэнэж, алхааныхаа хурдыг улам түргэсгэлээ. Ийнхүү Сэлэнгээ цаашаа алхсаар орон сууцнуудын дунд ороод ирлээ. Тэрээр нэгэн угсармал есөн давхар байшингийн булан тойрох агшинд 26 орчим насны л болов уу гэмээн өөрийнхөө үеийн нэг бүсгүйтэй мөрөөрөө мөргөлдчихөв. Гэтэл тэр үл таних бүсгүй Сэлэнгээг амаа ч нээж амжаагүй байхад хараалын үгээр булж гарах нь тэр. 


“Нүд нь ширгэж сохойсон үрчгэр амьтан минь. Наад хоёр цэхрээ сайн нээгээд замаа хараач”гэж тодхон хэлээд цаашаа амандаа элдвийг бувтнан явж одлоо. Үнэндээ түүний юу гэж үргэлжлүүлэн хараахыг ч Сэлэнгээ сонсохыг хүссэнгүй. Амьдралдаа анх удаа л хүнд ингэтлээ доромжлуулсан шиг санагдаж байсан ч энэ дайралтын эсрэг өөрийгөө хамгаалсан ганц ч үг хэлсэнгүй, эргэж ч харалгүй ум хумгүй гүйчихлээ. Бороо улам хүчтэй ширүүссээр. Энэ нь хүмүүсийн уур бухимдлыг бүр ч их нэмэгдүүлж байгаа гэлтэй хаа сайгүй л хялалзаж цэхэлзсэн хүмүүс хараалын үгс шидлэн холхилдоно. Энэ хүмүүсийн дунд ядаж шүхэр барин тайван алхах хүн ч алга. Хувцас нь нэвт норж бүр тогтохын аргаргүй болсон мэт харагдах авч хөмсгөө зангидан ярвалзан алхлаад л... 


Тайван явах ямар ч арга алга аа. Энэ муу ео шингэсэн гэлтэй усан бороо ямар нэгэн муу зүйл зөгнөөд амьдралыг нь орвонгоор нь эргүүлж там болгон хувиргах гэж байгаа юм шиг л Сэлэнгээд санагдах нь тэр. Энэ бодолтой нь зэрэгцэн ар нуруугаар нь аалз гүйх шиг болж өөрийн эрхгүй дотор нь арзасхийв. Сэлэнгээ энэ мөчид өөрийн амьдардаг танил дотно болсон орон сууцаа харахыг тэсгэлгүй хүсэх авч гэртээ хүрэх хараахан болоогүй байлаа. Хурдхан гэртээ харьж энэ замбараагүй, зэвүүн, муу ёр зөгнөсөн орчноос ангижирч зурагтаа үзэхсэн гэдэг бодол түүнийг бүр хурдан алхахад, магадгүй бүр гүйхэд хүргэх аж. 
Дахин нэг байшингийн булан тойрон эргэлээ. Гэтэл Сэлэнгээгийн нүдэнд эрхгүй нэгэн зүйл өртсөн нь гартаа ганцхан ширхэг улаан сарнай атгачихсан, гүн цэнхэр өнгийн костюмтай залуу байлаа. Залуугийн царай цонхигор зэвхий бөгөөд цэнхэр костюмтай зогсох түүний гарт нь байгаа улаан сарнай нэг л зохицохгүй харагдана. Энэ үл таних залуугийн Сэлэнгээгийн нүдэнд ялгарч өртсөн хамгийн гол шалтгаан нь бүх хүмүүс уурлаж дүнсийсэн байхад ганцаархнаа инээмсэглэж байсан явдал. Гэхдээ энэ цонхигор залуугийн хүйтэн инээмсэглэл Сэлэнгээд огтхон ч сайхан сэтгэгдэл төрүүлсэнгүй. Уг нь энэ олон уурлаж бухимдсан хүмүүсийн дундаас ядаж ганц ч гэсэн инээмсэглэсэн царай олж харсандаа баярлаж байх ёстой атал тэгсэнгүй.Ердөө л сэтгэлд нь нэгэнт хуралдаад байгаа, өөрт нь үл ойлгогдох айдсыг нь харин ч бүр хөглөөд ирэх шиг. Яагаад энэ залуу инээмсэглэж байгаа хэрнээ ийм муухай таагүй сэтгэгдэл төрүүлнэ вэ? 


Сэлэнгээ өөрөөсөө ийн асуугаад үргэлжлүүлэн өөртэйгөө бодлоороо ярилцлаа. 
... Уг нь өчигдөр, уржигдар за ер нь тэрний урдах бүх л өдрүүдэд өөрөөр хэлбэл хэвийн өдрүүдэд тайван инээмсэглэн алхаж байгаа хүмүүсийн дунд уурлаж бухимдсан хүн таагүй сэтгэгдэл, цаашлаад айдас төрүүлдэг бол энэ удаад яг эсрэгээрээ үйлчилж байгаа нь энэ үү? Уурлаж бухимдсан хүмүүсийн дунд уурласан царай гаргахгүй бол бусдыг айлгачихдаг байх нь. 
Энэ чинь тэгэхээр юу гэсэн үг вэ? Уурлаж бухимдсан хүмүүсийн дунд ууртай царай гаргаж, инээмсэглэсэн хүмүүсийн дунд бол инээгээд бай гэсэн үг үү. Тэгвэл ердөө л бусадтай ижилхэн биш байгаа тэр байдал л айдас төрүүлдэг байх нь. Яг л амьд хүн үхсэнээсээ айдаг шиг. Үхсэн нь амьдаасаа ялгаатай учраас амьд хүмүүс түүнээс айж, сэжиглэж, цэрвэдэг. Бүр тэгээд үхсэн нэгийгээ босоод ирэх вий гэсэн шиг авсанд хийж таглаад газар доор булж дээрээс нь цементлэдэг. Тэгвэл яг үүнтэй адилаар үхсэн нь амьдаасаа айдаг... За биш юм аа. Үхсэн хүн гэдэг бол айх, баярлах мэдрэмжээ алдсан юу ч мэдрэхгүй болсон тийм л нэг цогцос шүү дээ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Үхэгсдийн эсвэл цаашлаад сүнснүүдийн ертөнц гэж байдаг ч юм билүү.Тэгээд л магадгүй хэн нэгэн амьд хүн ямар нэгэн байдалаар тэр газарт нь оччих юм бол үхэгсдэд эсвэл сүнснүүдэд айдас төрүүлэх нь дамжиггүй. Сэлэнгээ ингэж бодсоноо жихүүцэж орхив. Юун ч дэмий юм боддог юм бэ дээ гэж өөртөө дуулдах төдий шивнэн алхааныхаа хурдыг жаахан сааруулав. Сэлэнгээ ингэж бодол болон алхаж байхдаа өнөөх цэцэг барьсан цэнхэр костюмтай этгээдээс нүднийхээ харцыг огтхон ч салгаж чадахгүй байсан билээ. Учир нь тэр залуу руу ойртох тусам царай нь тодрон харагдаж тэр нь эрхгүй сонирхол татахуйц байсан ажээ. Залуугийн том алаг нүдний нэг нь долир байх бөгөөд энэ нь мөлчгөр цонхигор царай, спорт маягийн тачирхан үсэнд ердөө ч зохицохгүй харагдана. Яг л хаа хамаагүй хүмүүсийн нүд, шүд, үс чих, царай төрхийг нь цуглуулаад нэг хүн болгоод эвлүүлчихсэн юм шиг. Товчхондоо бол тэр залуу яг л эвлүүлдэг тоглоом гэлтэй. Тэр тоглоомыг хэн нэгэн этгээд маш сайн эвлүүлчихсэн юм шиг.Тэр үл таних залуу Сэлэнгээ рүү л ширтэн хараад инээгээд байгаа юм шиг атлаа үнэн хэрэг дээрээ Сэлэнгээ дээр тэр залуугийн харц тогтохгүй байлаа. Магадгүй Сэлэнгээгийн биед байгаа тэр нь өөрт нь харагдахгүй байгаа тийм зүйлийг энэ цэнхэр костюмтай залуу олж харчихаад инээгээд байх шиг. Сэлэнгээгийн алхаа бүр удааширч зүрхнийх нь цохилт мэдэгдэхүйцээр түргэсээд иржээ. 

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ