УДГАН МОДНЫ ХАР ЛУС
Мөнгө цагаан, нүд улаан болсон энэ цөвүүн цаг дор хүний шунал, мунхаглал, байгаль дэлхийд үл хүндэтгэсэн сэтгэл хэрхэн аймшигт төгсгөлд хүргэдгийг харуулсан доорх түүхийг анхааран унших нь зүйтэй.
1978 оны зун Толгойтын Зуун салаагийн зусланд нутаглаж байсан Г.Дорждэрэм хэмээх хорь гаруй насны залуухан эр эхнэр, бага насны хүүгийн хамт амьдарч байв. Тэр жил байгаль цаг уур тун тогтворгүй, бороо ус тасралтгүй орж, ой хөвч чийг даан, гал түлэх хуурай мод олдоход бэрх болсон цаг байлаа.
Бүтэн гурван хоног зүсэрсэн усан борооны дараа гал алдах дөхөж, гэрийнх нь амьдрал хүндэрсэн тул Дорждэрэм арга буюу хөрөө, сүхээ үүрэн ой руу оржээ. Тэрбээр багаасаа л уул усанд дассан, “мод чулуу амьтай” гэх яриаг хөгшчүүлээс сонсож өссөн ч амьдралын бэрхшээл, залуугийн омголон зан түүнийг болгоомжлоход хүргэсэнгүй.
Ойн чөлөөн дэх бяцхан булгийн эхэнд, олон жилийн турш хэн ч гар хүрээгүй мэт өгөршиж, дотроо хөндийрсөн хуурай мод нүдэнд нь тусав. Модны ёзоор нь чийг даан харласан, эргэн тойрон нь гишгэхэд хүртэл зөөлөн байв. Тэр агшинд лус савдаг, удган модны тухай хөгшдийн яриа түрхэн зуур толгойд нь орж ирсэн ч “хоосон домог” хэмээн тохуурхан шулуухан очоод тайрч эхэлжээ.
Мод ч удалгүй нурах мэт дуугарч унасан байна. Дорждэрэм түүнийг хэсэглэн тайрч, чирсээр гэрийнхээ гадна авч ирэн тулж орхиод дотор нь гал асаажээ. Гал ноцох үед модны дотроос хар утаа суунаглаж, эвгүй үнэр гарсан ч тэр үүнийг нэг их тоосонгүй.