Сайн байцгаана уу. Намайг Санаа гэдэг. Одоо би 29 настай. Толинд харах бүрдээ би өөрийгөө танихаа байчихсан байдаг юм. Хорвоо ертөнцөд сайн муу хосолдог гэдэг ч, заримдаа бид өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг ямар ч гэрэл гэгээгүй ангал руу түлхээд орчихдог юм шиг санагдана. Миний түүх магадгүй хэн нэгэнд анхааруулга, хэн нэгэнд сургамж болох болов уу гэж найдан энэ бүхнийг бичиж сууна.
Их сургуулиа дүүргээд, хүсэж байсан ажилдаа шалгалт өгч тэнцэхэд би хязгааргүй их баяртай байж билээ. Залуу нас, эрч хүчээр дүүрэн, өмнөө том зорилго тавьсан жирийн нэгэн охин байлаа. Ажилд ороод хоёр дахь жилдээ золгож байхад манай өөр хэлтсийн нэгэн залуу бид хоёр дотноссон юм. Тэр их л халамжтай, үг яриа нь зөөлөн, бусдыг өөртөө татах чадвартай нэгэн байсан. Удалгүй бидний харилцаа гүнзгийрч, нэг гэрт орохоор шийдлээ.
Анхны жилүүд яг л зүүд шиг сайхан байсан. Өглөө хамт ажилдаа гараад, оройдоо гэрээ хамтдаа тохижуулж, ирээдүйн тухай мөрөөдөж суудаг байв. Гэвч хүний чанар гэдэг цаг хугацааны шалгуур дээр л танигддаг юм байна. Би мэргэжлийнхээ дагуу оройн цагаар мэргэжил дээшлүүлж, орой 20:00 цаг хүртэл сургалтад суудаг боллоо. Өөрийгөө хөгжүүлж, манайх гэдэг айлын амьдралыг босгох гэж би дотроо их л хичээж явсан хэрэг.
Тэр нэгэн саарал үдшийг би хэзээ ч мартдаггүй. Хичээлээ тараад гэр лүүгээ яарч явтал утас маань нэг л зүйлийг сануулах шиг жингэнэнэ. Түүний утас руу залгахад холбогдсонгүй. "Магадгүй унтчихсан байх" гэж бодох ч түлхүүрээ мартсанаа гэнэт санав. Арга буюу аавынхаа гэр лүү явж хонохоор шийдлээ. Гэтэл шөнө дунд утас дуугарав. Түүний найзынх нь эхнэр байв. Дуу нь чичирч, яахаа мэдэхгүй гайхсан өнгөөр "Сакаа, танайд нэг эмэгтэй ирчихсэн байна. Танай нөхөртэй нэг л биш ээ... Чи хурдан ир" гэлээ.