“Сүнс минь ба бие”
Тэртээ 2015 оны зун тохиолдсон, одоо ч бодоход жихүүдэс төрдөг нэгэн явдлыг энд хуваалцъя.
Тэр үед би дөнгөж 13 настай байлаа. Ээж минь удам дамжсан бөө хүн. Гэвч ойрын хэдэн жил дараалан төрж, хоёр дүүгээ асарч байсан учраас бөөгөө буулгаж чадалгүй удаж, сахиусаа аргадаж ч амжаагүй байв. Дүү нар жаахан томроод ирэхэд ээж маань сахиусаа буулгах хэрэгтэй гэж үзээд, хамаатны нэг бөө ахаар түшүүлэн буухаар болсон юм.
Тэр өдөр хамаатан садан, ойр дотныхон цугларч, гэр дүүрэн хүн бужигнаж байлаа. “Эд нарыг явуулчихаад эхэлье” гэж бодсоор орой болтол хүлээсэн. Яагаад заавал өөр бөөгөөр түшүүлж буух болов гэвэл, ээжийн сахиус буулгүй удсанаас гомдож, дайрлага дайрах аюултай болсон гэж ярьцгаадаг байсан. Анх бөөгөө буух үед ээжийн биед нэг аймшигтай, өөр зүйл орж ирсэнтэй энэ бүхэн холбоотой ажээ.
Хүмүүс тарж, ёслол эхлэх үед бөө ах ээжийг дагуулан гадаах гэрт гарлаа. Ээж над руу:
— Орой гадаа гарч болохгүй шүү, — гэж дахин дахин захисан юм.
Бид ч ноцтой юм болно гэж огт бодоогүй.
Удалгүй дүүгийн маань уудаг эм машинд үлдсэн нь санаанд орлоо. “Яах вэ, хурдан гүйгээд аваад ирье” гэж бодоод зориглон гадагш гарсан нь миний амьдралын хамгийн буруу алхам байсан юм.
Гадаа гараад л ээжийн биед яг нөгөө зүйл орж, бөө ах маань түүнийг тогтоох гэж ихэд сандарч байгаатай таарлаа. Би эмээ аваад гэр рүүгээ гүйх агшинд, бөө ахын гэрийн хаалга саван онгойж, дотроос нь улаан нүдтэй, өндөр, хар манан шиг зүйл над руу шууд гүйж ирсэн.
Түүнээс цааш би юу ч санахгүй.