Өгүүллэг 2026.01.30

Дуудлага

Bayraa

Bayraa

Зохиогч

10 мин
Дуудлага

Хувийн компанид нягтлан бодогчоор ажилладаг тэрээр энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд хэн мессеж явуулсныг нь тааж ядан утсаа дэлгэж үзэв. “Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ, АДГУУС МИНЬ...” Намуун хэдий нойрмог байсан ч өөрийг нь заналхийлсэн энэхүү мессежийг маш сайн уншиж ойлгов. Сэтгэл нь жихүүцээд явчих нь тэр. Үүрийн дөрвөн цаг дөхөж байхад хэн нэгэн найз нь өөрөөр нь ингэж муухай, бүдүүлгээр тоглоно гэж баймааргүй санагдана. Ингээд Намууны нойр айснаасаа болоод бүрмөсөн хулжиж орхиод орон дээрээ өндийж суулаа. Тэрээр уг мессежийг ямар дугаараас явуулсныг мэдэхээр утасныхаа дүрсийг доош нь гүйлгэж харав. Санаанд оромгүй юм. Ямар ч дугаар байхгүй байна. Үгүй ядаж ямар нэгэн дүрс тэмдэглэгээ ч байхгүй байна шүү. Ямар хараал идсэн өөдгүй золиг нь ганц бие эмэгтэй рүү ийм мессеж явуулж зугаагаа гаргадаг байна аа, гэсээр Намуун унтахаар буцаж хэвтлээ. Гэвч түрүүчийнх шигээ гүн нойронд автсангүй. Хамаг оюун ухаан нь таагүй бодлуудаар дүүрч, өөрийг нь заналхийлэх ямар хүн байж болохыг сэтгэлдээ тунгаасаар…

“Танд мессеж ирлээ”

Намууны утасны энэхүү мессеж ирж буй дохио чимээ аниргүй харанхуй гэрт дахин хадлаа. Намуун давхийтэл цочих нь тэр. Бас хэн нь вэ, арай саяны нөгөө тэнэг амьтан чинь дахиад л заналхийлж байгаа хэрэг биш байгаа даа хэмээн бодсоор Намуун утсаа дэлгэж үзэв. “Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ... АДГУУС МИНЬ” Ээ золиг, дахиад л. Энэ чинь намайг харин яадаг новш вэ. Дугаар нь гардаггүй утаснаас намайг дарамтлах шаардлага энэ хүнд байгаа л юм байх даа.
Сүүлийн хоёр жилийн туршид ганцаараа амьдрах болсон Намуун анх удаагаа л ийнхүү жихүүцэж, айн сандарч байгаа нь энэ байлаа. Түүний нүдэнд бүр нулимс цийлэгнээд ирэв. Ийнхүү Намууныг уг мессежийн учрыг олж амжилгүй яахаа мэдэхгүй байтал дахиад л өнөөх мессеж ирэх нь тэр. Дугаар нь гардаггүй утаснаас нэг янзын заналхийлсэн мессеж дахин дахин ирсээр. Намуун тэссэнгүй, хэсэг хугацаанд тээнэгэлзэж байснаа шуудхан утсаа унтраагаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэвтлээ.
Буцах хаяггүй муу ёрын мессежнээс болоод Намууны нойр хүрсэнгүй. Хамаг бие сэтгэл нь тэр аяараа айдаст автан, түүнээсээ болоод бүр дагжин чичирч байв. Тэрээр хэдий унтахыг хүсэж байсан ч чадсангүй.
Элдвийн муу ёрын бодлууд ар араасаа хөвөрсөөр байтал үүр цайжээ. Нарны гэгээ тусч харанхуй арилаад ирэх үест Намуун сая нэг хагас дутуу тайвшраад орноосоо бослоо. Шөнийн мессежийн заналхийллээс болоод дутуу нойртой хоносон учраас нүд нь улайж, царай нь цонхийжээ. Намуун утсаа асаах гэснээ эргэлзэж, түр хүлээхээр шийдээд угаалгын өрөөнд явж орлоо. Тэрээр толинд өөрийгөө хараад цочих шиг болов. Би чинь ийм ядруухан, доожоогүй хүүхэн билүү. Үгүй ээ, би ийм царай муутай хүүхэн биш, энэ зүгээр л ядарснаас болоод өөрийгөө ийм сүр сүлдгүйгээр харж байгаа биз.
Намуун өөрийгөө ийнхүү бодлоороо тайвшруулаад хүйтэн усаар нүүрээ маш хүчтэй үрж угаалаа. Овоо сэргэх ч шиг болох нь тэр. Тэрээр өөртөө өглөөний цай бэлдэхийг ч завдсангүй. Уг нь Намуун ажлаасаа хоцорч байсан ч хамаагүй өглөөнийхөө цайг заавал гэртээ уугаад гардаг билээ. Гэтэл энэ өдөр Намууны энэхүү бичигдээгүй хууль ямар ч торох юмгүйгээр зөрчигдөх нь тэр. Магадгүй тэрээр хоол идэж, цай уудаг гэдгээ хэсэг хугацаанд мартчихсан бололтой. Түүнд үнэндээ л хийх юм олдсонгүй. Ажилдаа явах гэтэл цаг хавьгүй эрт байна. Яахав одоо гараад очлоо гэхэд лав л гурван цагийн дараагаас ажилчид цуглаж эхэлнэ. Жижүүрээс өөр хэн ч байхгүй. Эзгүй ажлын байранд очоод яах ч юм билээ. Тэгээд ч хүмүүс намайг шөнөжин шоудаж, гадуур хоноод ирлээ гэх нь дамжиггүй. Намуун ийнхүү яахаа мэдэхгүй тээнэгэлзсээр буйдан дээрээ хэсэг суув. Тэрээр шийдэв бололтой гартаа атгасан Motorola маркийн утсаа дэлгээд асаах товчлуурыг дарлаа.

Намууны гар утас ажиллахад бэлэн болжээ. Шөнө ирсэн мессежүүдийг цөмийг нь устгаад санаа нь амрах шиг болсон Намуун ажилдаа явахаар шийдэж алгуурхан өндийлөө.........

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ