Норжмаа, уул өөд мацсанаа халууцан чандган малгайгаа авахад хүү янзаар тайрсан үснээс нь үл мэдэг уур савсаж байлаа. Очир, халуу оргисон бяцхан гараас нь хөтлөн зүтгэж явснаа эргэж хараад,
- Сайхан байгаа биз? гэж «сайхан» гэсэн хариу сонсох хүний ёсоор нүүр дүүрэн мишилзэн асуухад Норжмаа
- Сайхан, харин жаахан амармаар байна гэв. Хоёул бүдүүн хожуулын цас арилгаж зэрэгцэн суулаа. Богд уулын Зайсангийн амны ойд нам гүм, моддын ёроолд цас сэвсийж, цатгалан тоншуул хааяа нэг тог тог тоншоод ямар нэг анир чимээ чагнаархана. Норжмаа, Очирын мөрийг түшин нүдээ аниад амьсгаагаа дарж ядан байвч хоёр хацар нь жаргалтайяа улаа бутарч, хамрын нь самсаа дахь хар мэнгэ үл мэдэг чичирхийлэн тод зурагтай, зузаан уруул нь эрхлэнгүй жуумалзана. Хоёул нэг хэсэг дуугүй түшилцэн суулаа.
Норжмаагийн амьсгаа дарагдав. Очир чандган малгайгий нь өмсгөж.
–Норжмаа чи харж байна уу? гээд уул өөд заав
- Тээр доор, энэ бүдүүн хушны доод мөчрийн чиг аавын гэрийн улаан хиур харагдаж байна.
- Аан! Тийм байна,
- Аав минь дээ хөөрхий. Энэ уулын амыг гучин жил сахилаа. Ой хамгаалагчийн ажлыг олдошгүй сайхан ажил гэдэг юм. Том болоод ойн цагдаа болно гэхээр минь их баярладаг сан. Нээрээн би ойн цагдаа болно гэж боддог байжээ.
- Тэгээд болохгүй яасан юм бэ?
- Болноо, болно. Жилийн дараа инженер нэртэйгээс биш нэг ёсондоо ой хамгаалагч болоод л ирнэ дээ. Ой минь! Хангай минь! гээд Очир сүүрс алдав. Норжмаа гарыг нь татаж хацартаа наагаад,
- Ойтой чинь би чамайг хардалтай ч биш дээ гэв. Тоншуул тог-тог, тог-тог. Улаанбаатарын төмөр замын буудалд илчит тэрэг бүүг-бүүг. Дахиад л нам гүм. Очир, Норжмааг сэрэмжлүүлэн түлхэж, хориод алхмын цаана байгаа нэгэн баглагар хар ногоон хушийг заан,
- Бүү хөдлөөрэй хур буулаа! гэв.
- Юу гэнээ? гэж шивгэнэн асуухад
- Хур шувуу. Өдийд их соргог байдаг юм гэв. Хур гэдэг нь ХУШНЫ үзүүр хавьцаа нэгэн бахим мөчрийн цас унагаж суугаа оготор өргөн сүүлтэй том хар шувуу ажээ.
- Ямар учиртай Шувуу юм бэ? Норжмаагийн зүрх түг-түг-түг Тоншуул тог-тог-тог.
- Аав. Миний бага байхад хавар хурын наадам үзүүлнэ гэж өглөө үүрээр дагуулаад л гарч өгдөг сөн. Хур, яг нарнаар наадна. Нэг ёсондоо хуримаа хийж байгаа нь тэр. Хурын нааддаг мод гэж тусдаа бий. Хаа нэгтээ ойн цоорхойд ганцаараа содон, эрт нар үздэг мод. Тийм модыг олно гэдэг бас амаргүй ажил. Хур тойрч гүйсэн жимтэй боллоо гэхэд тэр маань урд жилийн гологдсон мод байж мэднэ. За тэгээд аав бид хоёр хэдэн өдөр уул ойгоор мацаж байж, сая хурын наадам олж үзнэ. Чи энэ шувуу наадах үедээ ямар сайхан болдог гэж санана. Хамгийн түрүүнд азарган хур ганцаараа бууж ирээд сүүлээ тогос шиг дэлгээд, хүзүүгээ сунгаад дуудаж гарна. Гүррр-рр. Тэгснээ тагнайгаа ташна. Тиг-тяг-тяг. Цаадуул нь ч дараа дараагаар бууж ирээд тавуул, зургуул, арвуул болж ирээд л наадмаа эхэлнэ. Олон цагаан дэвүүр дэлгэсэн юм шиг сүүлнүүдээ өглөөний наранд солонгоруулаад, одоо тойроод л гүйлдэж гарна даа. Дуу гэдэг ч ёстой ойн хөгжим, лусын эзэн товшуур бариад хаврын тухай магтаал хэлж байна уу гэмээр.
Наадаж байх үедээ ухаан байхгүй. Алъя гэсэн ч хүн хэдээр нь ч алж болно. Норжмаа чи хар л даа сайхан шувуу шүү. Би түүнийг дуудаадхая гээд Очир цорвойлгон гүр-гүр-гүррр гэхэд хур юун дуу билээ гэсэн шиг хүзүү сунган нэгэнтээ эргэж хушны цас бутарган нисэн одов. Норжмаа хүүхэд шиг баярлан үл мэдэг завсартай тэгш цагаан шүдээ яралзуулан инээж,
- Сайхан шувуу байна Очир минь! Би өвлийн ой ямар байдгийг бүр мартчихжээ. Дунд сургуулийн сурагч байхдаа ангийнхантайгаа Хүрэл тогоот, энэ баруун Богинын аманд цанаар гулгаж ойд зугаалдаг байсан. Оюутан болсноос хойш дөрвөн жилд хотоос гарсангүй. Хэн хүн Богд уулын ойд очиж зугаалъя гэвэл ямар хүүхэд биш дээ л гэх байсан байх. Одоо харин хүүхдээрээ болчих шиг. Чамтай танилцаагүйсэн бол хотдоо л зугаалж яваа
- Би ч гэсэн шинэ жилээр их сургуулийн багт наадамд очихдоо ийм хүүхэнтэй танилцчих юм гэж даанч бодоогүй дээ.
- Чи бид хоёр зан зангаа их түргэн авалцсан шүү|
- Тиймээ, заримдаа ч гайхмаар.
- Эртээр танайд ирэхдээ улаан туг хийсгэж ирээд юун ч сүржин юм бэ дээ гэж бодсоныг яана. Аав чинь яг миний аав шиг сайхан хүн ээ дээ.
- Тиймээ. Хамгийн сайн юм нь энэ ой мод, уул усандаа үнэн хайртай даа. Тэгээд ёстой арван хуруу шиг мэднэ. Дархалсан уулын ой хамгаалагчийн ажил уу? Өдөржин ой модоор хэснэ шүү дээ. Манайхны дотор учир мэдэхгүй хүн ч олон. Ёстой ойн хулгайч гэмээр хүмүүс бий. Аав, хавар л их зүдэрдэг юм. Хүүхдүүд ууланд гараад түймэр тавьчих гэнэ. Томчуул нь ч ялгаагүй. Аав морио эмээллээд өдөржин дурандаж сууна. Ой руу зүгэлсэн нэг хэдэн хүнийг арай чүү буцаахаар нөгөө хэд гараад ирнэ. Зарим нь өөрийнхөө газар нутаг дээр явж, юу хийхээ чамаар заалгахгүй энээ тэрээ гэж элдэв хоёроор аашилна. Аав заримдаа бүр гутарчихдаг юм. Энэ зун амралтаараа ирээд байсан чинь аав нэг өдөр баахан төмөр лааз, архины шил, энэ тэр хог новш үүрсэн хар юмыг туугаад ирлээ. Тэр хэдийг хог новш тараалаа гэж зэмлэхээр нь буу үүрсэн мануухай гэх мэтээр доромжилж гарч гэнэ. Тэгэхээр нь мань хүн тэссэнгүй, цагтаа би буу бариад та нарын төлөө байлдаж явсан, наадах новшоо авч зайлахгүй бол хөлийг чинь хуга буудна уурлахаараа нэг уурлажээ. Цаадуул нь үнэхээр буудаж мэдэх өвгөн байна гэж айсан хэрэг биз. Хөөрхий аав минь больж явна даа.
- Харахад ануухнаараа өвгөн шүү.
- Ой, миний цусыг сэлбэж байна гэдэг юм Үнэн байхаа. Жаахан дээшээ явах уу?
–Тэгье.
Хоёул хөтлөлцөөд Богд уулын дунд биеийн шигүү ой өөд авирлаа. Нар хэвийжээ. Ойн ёроолын цасан дээр нарны цагаан зурвас, моддын хөх сүүдэр алаглана. Дээшлэх тутам зуу зуун наст хуш мод олширч тэдний ивгээл нөмөрт ургасан шинэсний цагдуул шүргэлэн, хааяа хус улиас тэндхэнээ айлсан бөөгнөрчээ. Энэ битүү хар ойд Норжмаа ганцхан айдас хүрэх боловч хажууд нь энэ ойн эзэн мэт далтай сайхан залуу, сэтгэлт нөхөр нь хамгаалж явна
гэж бодоход тун ч аятайхан.
–Очироо, баавгай хүрээд ирвэл яанаа?
- Энд баавгай байхгүй.
- Аа чоно?
–Чоно бол ч чи бид хоёроос сүүлээ хавчаад л зугтаана л даа.
Нэг бяцхан хар хэрэм моддын сүүдэр дээгүүр харайсаар пийс хийн дуугарч нүцгэн мөчирт шинэс модонд зурсхийн гарав.
- Хэрэм дуугардаг юмаа.
- Тэгэлгүй яахав. Бусаддаа чимээ өгч байна гээд анчинд чимээ өгчиж байгаа нь тэр.
Хөөрхий минь!
Норжмаа хэрэмний гарсан модон дор очиж дээш өлийн хөөрхөн хэрэм нааш ир, нааш ир гэж хүүхэд шиг дэвхрэн өхөөрдөж байгаад эргэтэл Очир далдын хар малгай өмссөн шиг алга болжээ. Норжмаа “Нуугдаж тоглох нь ээ” гэж инээд алдан
- Би чамайг одоохон олно доо гээд ойн зузаан цас манаргаж моддыг тойрон сүлжиж гүйв. Гэвч Очир ор сураггүй.
Зогсоод чагнаархав. Таг чиг. Гүйсэндээ болоод зүрх түгшин цохилно. Гэтэл бас айсандаа болоод,
– Очоор чи хаана байнаа! Хоолой нь чичирсхийв. алга. Таг чиг байсан ойд мод чахран хавирч бас ямар нэг...