Багадаа амьдардаг байсан газар маань их эвгүй байсныг сүүлд л мэдсэн юм даг. Хүн яг голд нь байхдаа тоодоггүй хэрнээ холдоод явахаараа гэнэт ухаардаг гэдэг дээ. Намайг ухаан орсон цагаас хойш манайх төмөр замын 2 давхар шар байранд байдаг байлаа. Одоо тэр газарт өндөр шилэн байшин сүндэрлэж буй. Эмээ өвөө 2 маань насаараа төмөр замд ажилласан, бахархалтай хүмүүс. Манайх 2 давхар байрны 7 тоотод амьдарна. Одоо бодоход их л аз жаргалтай, сайхан байдаг байжээ. Олуулаа цуглараад л. Бидний хүүхэд нас шороон дээр хөлбөрч, шорлогийг ундааны бөглөөн дээр шардаг байсан тийм л сайхан дурсамжтай үе. Өглөөний нарнаар үсээ самнаад, гэрээ цэвэрлэчихээд гарна, үдийн цайг нар агаар хоёроор дүүргэчихээд, оройн хоолыг харуй бүрий болтол мартаад, хатталаа нааддаг байсан үе л дээ. Тэр их энергийг хаанаасаа ч авдаг байсан юм.. Нэг өдөр 2 дүү маань: “- Ээж, грашнуудын урд тэнэмэл хүүхдүүд хүний тайрсан хөл өшиглөөд явж байна!” хэмээн амьсгаадсаар орж ирэв. Миний хичээл өглөө ороод, эрт тардаг байсан учир хэдийн гэртээ ирчихсэн, ээжтэйгээ хамт нийслэл салат хийж байсан юм. Мартын 8-ы өдөр байсан санагдаж байна. Ээж шалгахаар гарахдаа намайг хамт гарахыг зөвшөөрсөнгүй. Эх хүний сэтгэл ийм байдгийг яалтай. Эргэж орж ирэхдээ: “- Тоглоомон хөл л байна шүү дээ!” гээд худал инээн орж ирээд, хажууд минь зогсоод ажлаа үргэлжлүүлсэн.
2 дүү маань бага байсан болохоор тэгс гээд мартсан ч би учир ойлгохоор хэрсүү хүүхэд байсан болохоор: “- Ээж, та түрүүнд худлаа ярьсан тийм ээ?” гэхэд ээж минь хачин сонин царайлаад, хэлэх үггүй болоод бантсандаа инээвхийлэн толгой дохиж билээ..
Тэр жилдээ ч билүү, тэрний өмнөхөд ч билүү, манай балконы яг доор 19-хөн настай нэгэн залуу халуун амиа авсан байдаг юм.
Цагдаа нар гэрт орж ирээд мэдүүлэг авч, бөөн юм болсон. Тэр өглөө хичээлдээ явж байгаад жинсэн хослолтой түүнийг харсан дүү минь тэр хүнийг унтаж байсан л гэж бодсон гэсээн.
Цаг хугацааны хувьд холилдсон байж магад, гэхдээ энэ чухал биш..
Уйдаахгүйн үүднээс товчлон хүргэж байгаа түүхийн маань нэгэн орой.. Ээж минь биднийгээ өсгөх гэж хоногийн хорин цаг зүтгэдэг байлаа. Оройдоо хичээл даалгавраа хийж дуусгасан 2 дүү бид 3 олон ангит солонгос кино үзэж байв. Улиг болсон рекламны пауз гарах үед цаг харахад 21:09 болж байлаа. Яг энэхэн мөчид “ПүДДД-ПиССС” хийх чимээ гарахад бид 3 сандралдан гүйлдэж, зочны өрөөнийхөө цонхоор харах тэр мөчид явган хүнийг дайрсан нэг жолооч машинаасаа бууж харчихаад ум хумгүй зугтааж билээ. Магадгүй тэр хүн одоо үүнийг уншаад, дотор нь сэртхийн, хийсэн хэргээ санаж байж мэднэ...
Дугаарыг нь харж чадаагүй ч одоо хүртэл нүдэндээ тодхон хардаг, энэ үйл явдлыг. Хөршийн маань эгч мэдүүлэг өгөхөөр гарахдаа уруулаа улайтал нь будаж байж билээ. Бидний хэдэн хүүхдүүд хэдэн өдөр сантиметр давах зузаан, алд хэрийн том хатсан цусыг ширтсээр хичээлдээ явж, гэртээ ирэх замдаа ч бултах аргагүй хажуугаар нь өнгөрч байсан даа.
Манай байр ер нь ЮМтай байсан л даа. Үеэл эгч, нагац эгч хоёр нэг удаа: “-Төмөр зам гүйдэлтэй, тийм ээ?” хэмээн хоорондоо ярилцахыг сонссон би: “-Гүйдэл гэж юу юм?” гэж асуухад: “-Жаахан хүүхдэд хамаагүй” гээд халгаагаагүй. Гэхдээ би гадарладаг байлаа. Хааяа харж, мэдэрч, зүүдэлдэг болохоор.
Айл гэр болж тоглодог үе өнгөрч, сургуульд орохын өмнөх жилээс байрны найзуудтайгаа үдэш бүрэнхий болтол аймшгийн түүхүүд ярьж, заримдаа бүр цэцэрлэгийн хашаан дотор сүнс дуудан дэггүйттэг байлаа. Тэгж явахдаа элдэв тэнэмэл юмсыг гэртээ дагуулаад орчихдог байсан ч байж мэдэх юм.
Ээж маань хааяа хэдэн хоногоор ажлаар хөдөө явчихна. Нэг тийм удаад би жижиг өрөөндөө ганцаараа унтаж байлаа. Хаалгаа дотроосоо түгжчихсэн, яг орны толгойн хажууд балкон. Үүр дөнгөж хаяарах үеэр нэг тийм саарал гэгээ ордог доо. Яг тийм үеэр гэнэт сэрчихэв...