Өгүүллэг 2026.03.30

Чиний эцэг залуудаа эхнэртэй мөртлөө миний эхтэй нууц амрагууд байж...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Чиний эцэг залуудаа эхнэртэй мөртлөө миний эхтэй нууц амрагууд байж...

Жин үдийн халуун нар цонож, амьтай бүхэн сүүдэр бараадан наазгайрч байх үеэр буурчийн газар лагс биетэй, бавгар сахалтай эр орж ирэв. Алжааж ядарсан эр ширээний ард лагхийн суумагц халаасаа ухаж, навчин тамхи гаргаад ашлан татав. Зочин гийчингүй эл хуль, уйдан гиюүрч суусан Шаман үл таних хүнтэй яриа хөөрөө өрнүүлэхээр дөхөж суулаа. Битүү сахалт эр хамар дээр бурзайсан хөлсөө шудран,

-Би зүүд наймаалдаг хүн. Хэрэн хэсэж явсаар ядарч гүйцлээ гээд сулхан инээмсэглэв.

-Зүүд наймаалдаг аа? хэмээн гайхан асуувал огтхон ч түгдэрсэнгүй,

-Тийм ээ. Би зүүд эрхшээгч. Нэг өдрийн амьдралаар, нэг шөнийн зүүд арилжина гэв. Тоглосон шинжгүй хэлсэн ч үнэмшиж эс чадна. Олон халаастай хэлхгэр хүрэмтэй, далбагар хүрээтэй бүрх малгай өмссөн тэр хүнийг нэг харахад залуу ч юм шиг нэг бол бүр өтөл хөгшин ч юм шиг насыг нь тодорхойлох аргагүй мэт. Зүүдний наймаачин санааг нь ойлгосон мэт,

-Чи намайг хэдэн настай бол гэж гайхаж байгаа байх. Би хүмүүсээс нэг өдрийн амьдрал зүүдээр арилжиж насаа нэмсээр одоо тоогоо мартжээ. Урт наслах дэмий гэж хүмүүс ярилцдаг нь үнэн юм гээд уртаар санаа алдав.

-Зүүд бол орон зай, цаг хугацааны өөр хэмжээстэй тул хязгааргүй аялах боломж юм. Гачлантай нь хүн хүссэн зүүдээ зүүдэлж чаддаггүй. Ондуу хоосон өнгөрч байгаа өдрүүдээс нэгийг өгч хүссэн зүүдээ зүүдлэхэд юу нь болохгүй байх билээ гээд хүмүүс дуртай наймаалцдаг юм гээд инээмсэглэв.

Төв талбайд хүмүүс бужигналдахыг хараад Шаман мухлагаа орхин тэр зүг гүйв. Тэрхэн зуур зээлийн газар хоосорч бүгд төв талбайг бүчин шавах нь тэр. Хар нөмрөгт морьтнууд талбайн төвд хүрээлэн зогсож ямар нэг зүйлийг чангаар дуудан зарлана. Шаман хүмүүсийн завсраар зүтгэлэн урд эгнээнд гарвал морьтнууд дундаа арваад хүнийг хашин зогсжээ. Гарыг нь ард нь холбон хүлж, даашин олсоор хооронд нь хэлхсэн, гүжир товир биетэй эрчүүдийн дунд газар шүргэсэн урт таалар хувцастай, жалмагар бүсгүй нүдэнд нь содон тусав. Эрчүүд бүгд цээж нүцгэн, өргөн шанаа, жартгар нүд, навтгар хамартай харь зүгийн улс аж. Хэлмэрчийн өгүүлснээр тэдгээр олзны хүмүүсийг худалдахаар хар нөмрөгт морьтнууд төв талбайд авчирсныг сая ухаарав.

“Дорнын зэрлэгүүд” гэх үгс чихийг нь шүргэв. Эргэж харвал хандгай шиг сүрлэг биетэй, хэнхдэгээ хүрсэн урт цагаан сахалтай, агшраа өвгөн ард нь зогсож байв. Өвгөн залуудаа харийн олон газар орноор хэрэн хэсэж, дайн байлдаанд оролцож, үхэхээс бусдыг үзсэн хүмүүн хэмээн хотынхон хүндэтгэнэ. Баавгайн оорхой руу ганцаар орж чадах зүрхтэй хүн гэлцэнэ.

Өвгөн нүдээ анивчуулан “Дорнын дайчдын хүлэг морьд хурдан, ирт мэс нь хурц. Нэг л өдөр хуй салхи шиг довтлон орж ирээд сүйдэлнэ дээ” гэж амандаа шивнэх шахам хэлэв.

Хотын тэргүүн баян алтан шүдэт эр тэдгээр олзны хүмүүсийн урдуур алтан хөмөлдрөгтэй, чалбан цагаан морьтойгоо хөндөлдөн эргэцнэ. Морьтнуудын ахлагч бололтой улаан чалматай, цагаан торгон нөмрөгтэй, бавгар сахалтай, өөдөн хар морьтой, агуур жад барьсан хижээл эрд ойртон ямар нэгэн юм чихэнд шивнэн хэлнэ. Хотынхон урд өмнө нь үзэж хараагүй харь хүмүүсийг тойрон бүчиж, нүдээ бүлтийлгэн ширтэж, амаа ангайн алмайрчээ. Алтан шүдэт сахлаа бавалзуулан инээмсэглээд, уут зоос ахлагчийн гарт атгуулав. Үүгээр наймаа дуусав бололтой бүсгүйг суллан бусдыг нь дундаа хийн хөдлөв. Дорнын зэрлэгүүдээс айсан ч юм уу, хүмүүс хоёр хуваагдан зам тавьж өглөө. Хар нөмрөгт морьтнууд мөнөөх олзны эрсээ туусаар тоос манаруулан одов. Олзны бүсгүйг алтан шүдтийн хэлгүй зардсан хөтлөн олны хөлөөс холдох үест сая нэг хүмүүс тарж зээлийн газар амь оров. Хүмүүс хоорондоо хэлэлцэх нь “Алтан шүдэт эхнэр аваад өдий олон жил болсон ч удмыг нь залгах, хөрөнгийг нь өвлөх үр хүүхэд заяасангүй. Аягүй бол дорнын зэрлэг бүсгүйгээс хүүхэдтэй болохоор худалдан авсан биз” гэж дор бүрнээ шивэр авир хийн ховын үг салхиар тархан зээлийг бүрхэв.

Шаманд энэ яриа хөөрөө сонирхолтой санагдсангүй. Гагцхүү харь нутгийн бүсгүйг дахин харах юм сан гэсэн гэгэлгэн хүсэлд автжээ. Түүний зууван хар нүд, бүсэлхий шүргэсэн сүлжмэл урт гэзэг, төвгөр шанаа, жимбэгэр уруул ер бусын онцгой санагдана. Наймаа хийх хүсэл унтарч, зээл хаахаас өмнө бараагаа хумин гэрийн зүг одов.

Цуудам яриагаар бол гудамж зээлээр золбин тэнэж өссөн, танхай балмад залуу нэг өдөр ор сураггүй алга болоод арван долоон жилийн дараа андгар бөгстэй, шалхгар шар эхнэр дагуулчихсан чинээлэг эр болон буцаж иржээ. Хөрөнгө чинээтэй айлын өөрөөс нь үе мултарсан эгчмэд бүсгүйтэй сүйлж, нолго баяжсан гэлцэнэ. Алтан шүдэт ирсэн даруйдаа хотын өнгөтэй өөдтэй бүхнийг мөнгөөр цутган авч гурван жилийн дараа хотын тэргүүн баяны эгнээнд дэвшжээ.

Тэнгисийн буланд хадан хясаа хүрээлсэн анаг газар орших бяцхан хотоо иргэд нь “Бүргэдийн үүр” хэмээн өхөөрдөн нэрлэнэ.

Алтан шүдэт харь бүсгүйг худалдан авсан нь ямар учиртай болохыг таах гэж зээл даяар хэдэн өдөр хэлэлцжээ. Хүдэр чийрэг эрсийг худалдан авах хүн гараагүй нь “Дорнын зэрлэгүүд” хэмээн хочлох морьт дайчдаас айх айдастай холбоотой. Хуурай газрыг түймэр мэт залгих морьт дайчдын сүр дуулиан хэтийдсэн билээ. Тэдний довтолгооноос тэнгисийн булан тохойд нуугдсан мэт орших байрлал, газрын бартаа саад аварсан хэмээн залбирна. Нэг бол тэднийг үл тоосон ч байж мэднэ. Харин хар нөмрөгт морьтнууд дорнын зэрлэгүүдийн хэрхэн олзлон авсан нь нууц хэвээр үлдэв.

Шаман ууган хүүгийн хувьд эцгээсээ өвлөж авсан утсан загасны наймаа нь хотдоо алдартай тул юугаар ч үл гачигдах төдийгүй зоос мөнгө чамгүй хураажээ. Эцэг эх нь хоёр охиноо дагуулан гурван жилийн өмнө том хотод суурьшиж, наймаагаа өргөжүүлэхээр нүүн одсоноос хойш тэр хоёр жан байшиндаа голомтоо сахин ганцаар үлджээ.

Гагцхүү гэрлэх бүсгүй таарахгүй өдий хүрсэнд сэтгэл гонсгор, ганцаардаж явдаг нэгэн. Торонд жиргэх хос алтан бужирга түүнд хань бараа болно.

Харь бүсгүйг харсан мөчөөс эхлэн гэнхрэх болов. Хэд хоног сүхдүүлсэн үхэр шиг манарч явсан Шаман нэг орой зориг гарган алтан шүдтийн хэрмэн хашаа, дааман хаалгатай, тохилог байшингийн гадуур эргэлдсэн боловч ямар ч тус нэмэр болсонгүй. Гадуур нь дэмий баахан холхиод, үдшийн бүрий тасрахад гэрийн бараа харав.

Түүнээс хойш бараг сар шахмын дараа мөнөөх харь бүсгүйтэй зээл дээр халз тулгарчээ. Алтан шүдтийн зарц барлагууд сард нэг удаа зээлээр явж хүнсээ цуглуулдаг үе нь таарчээ. Бүсгүй нэлмэгэр хувцас өмсөж, гивлүүр зүүсэн ч түүний олноос онцгой зууван хар нүд, хараацайн даль шиг нумарсан хар хөмсгөөр шууд танив. Нэлмэгэр хувцасны цаанаас залуу бүсгүйн гоо сайхан биеийн галбир нэвт харагдах шиг болов. Өөр лүү нь гөлрөн ширтэж буй залуугаас халиран харц буруулсан ч эргэн эргэн харсаар холдсон бүсгүйн араас дэмий л шүүрс алдан зогссоор хоцорчээ. Энэ явдал түүний сэтгэлийг улам догдлуулав. Алтан шүдэт хүндтэй зочид, ахмад настнуудыг өргөөндөө урин зална уу гэхээс жир иргэд босгыг нь давах хориотой. Харуул манаа, зуудаг ноход нь түүний эзэмшлийг нүд цавчилгүй сахиж байдгийг хүн бүхэн мэднэ.

Нэг удаа зээлээр холхиж явсан Алтан шүдтийн зарц “Ажрай” хочит Досунтай тааралдав. Эцэг эхийг нь явснаас хойш үе тэнгийн, нуруу туруу ойролцоо энэ залуу ойр дотно хандах болсон билээ. Гудамжинд өссөн Ажрай Алтан шүдтийг ирснээс хойш ойр шадарлан, өнгө зүс орсон нь гайхалтай.

Алтан шүдтийн итгэлт зарцаас бүсгүйн тухай тойруугаар асуужээ. Үгийн живдрээ андахгүй Досун санааг нь гадарласан мэт харь бүсгүйн гоо үзэмжийг магтаж, баахан ам халаад “-Эзэн маань бага эхнэрээ болгох юм гэсэн. Нэрийг нь Аригун гэдэг. Арван есөн настай. Надаас нэг дүү. Одоохондоо ёс заншил сураг гээд гэрийн үйлчлэгч хийлгэж байгаа. Этүгэн модыг тахих үеэр сүйлэх юм гэсэн. Тэр бүсгүй зоримог, сэргэлэн, авхаалжтай гэж жигтэйхэн. Манай хэлийг хурдан сурч байдаг шүү. Чи арай санаархаад байгаа юм биш биз?” гээд доогтой хөхрөв. Сүүлийн үг түүний сэтгэлийн шарханд давс үрэх шиг өвтгөн хорсгов.

Царай нь барайсан Шаманг найз нь анзаарсангүй. Зүгээр л тоглоом шоглоомоор хэлсэн бололтой хөгжилтэй исгэрээд, явж одов. “Дараагийн сарыг хүлээх хэрэгтэй.

Нэг арга бодно доо” гэж Шаман шазуур зуусан ч цаг хугацаа элсэнд өндгөө шахах гэж тэнгисээс гарч ирдэг яст мэлхий мэт нэн удаан, уйтгартай өнгөрнө. Дараагийн сард Алтан шүдтийн зарц нар зээлээр хэрэн хэсэж явсан ч дунд нь мөнөөх бүсгүй үзэгдсэнгүй.

Гэтэл нэг удаа азтай явдал тохиов. Бүсгүйд хэрхэн ойртох талаар элдвийг бодсоор сэтгэл нь шаналж, зовуурь нь нэтрэх болсон Шаман дээр Алтан шүдтийн ажиг зарлага амьсгаадсаар хүрч иржээ. Эзэн нь баахан зочид урин, найрлаж цэнгэн байтал утсан загас нь дуусаж, ухаан зулаггүй ирсэн нь тэр байж. Шаманд мэргэн санаа төрөв.

“-Хүндтэй зочид ирсэн бол өөрийн биеэр хүргэж өгье!” гээд сүлжмэл том сагсаа загасаар дүүргэж аваад, зарцтай хоёул дамжлан гүйх шахам явжээ.

Хэрмэн хашааны голд байрлах хоёр давхар сүрлэг байшингийн цэлгэр өрөөний босгыг алхахад, улаан дарсанд халамцаж дуу шуугиан болсон зочид тэр хоёрыг анзаарсангүй.

Гивлүүр зүүсэн харь бүсгүй Алтан шүдтийн зүүн талд суун, дарс сөгнөх аж. Тэсгэгэр шар эхнэр нь баруун талд нь улаа бутран сууна. Энэ зуур Шаман “-Бага эхнэрээ болгоно” гэсэн үнэн байх нь ээ гэж бодож амжив. Урт ширээ голлон суусан Алтан шүдэт, Шаманыг сая л анзаарч, утсан загас хүргэж ирсэнд талархаад, бүсгүйн чихэнд нэг юм шивнэв. Харь бүсгүй арын тасалгаа руу орж хэсэг алга болоод, ууттай зоос барьсаар гарч ирэв. Алтан шүдэт жир үед хахир харамч боловч зочдын дунд нэр сүрээ гайхуулах гэж өгөөмөр загнадаг тухай сонссон санагдана. Түүнд гарын хишиг хүртээх гэж буйг ухаарав. Гивлүүрт бүсгүй гантиг шалан дээгүүр гулсах мэт хүрч ирээд, илгэн ууттай зоосыг Шаманы гар дээр тавихдаа харц тулгарав. Бүсгүй нэгийг хэлэх гэсэн мэт нэг л учиртай харав. Сандарч мэгдсэндээ болоод дэмий л толгой дохив. Бүсгүй мэхийн ёслоод ухран буцав.

Шаман шалан дээр хадагдсан мэт хөдөлж чадсангүй хөшиж орхив. Малилзтал инээх Алтан шүдэт найрсгаар толгой дохих нь чи явж болно гэсэн дохио байв. Шаман ууттай зоосоо чанга атгаад, талархан мэхийж, хойш ухран босго даваад, сая нэг санаа амрав. Уртаар амьсгаа аван тайвшраад, садран урсах хөлсөө ханцуйгаараа шудрав.

Илгэн уутнаас бүсгүйн гарын илч мэдрэгдэх шиг халуу дүүгнэ. Гудамж уруудан гүйсээр гэрийн босго давуут түрүүлгээ харан унажээ. Хэчнээн удсаныг бүү мэд. Харанхуй болсон хойно сая сэргэж, дэнгээ асаав. Бүсгүйн гар хүрсэн илгэн уутыг энхрийлэн илбэсээр байв.

Уутны амыг задалж зоосыг сэгсрэн асгалаа. Зэс, гуулин зооснууд шажигнана.

Ганц мөнгөн зоосны үнэд хүрэх төдий, уут дүүрэн түнзэр зоосоор сагс дүүрэн утсан загасаа арилжсандаа огтхон ч харамссангүй. Уг нь яг ийм нэг уут мөнгөн зоосны үнэ хүрэх учиртай юм. Гэнэт зооснуудын дундаас цаасны булан цухуйхыг олж харав. Шүүрэн авч, дөрвөлжлөн нугалсан цаасыг тэнийлгэн үзвэл хазгай мурий бичиг гарч ирэх нь тэр.

“-Гурав хоногийн дараа, шөнө дундын хонх цохисноос хойш мянган наст модны дор уулзъя. Аригун” гэснийг уншаад, нүдэндээ ч итгэсэнгүй, дахин дахин амандаа үглэн дуудаж, ямар учиртай болохыг тааж ядан, үүрийн тахиа донгодтол эргэж хөрвөөжээ. Тэнгисийн эрэгт оорцог ургасан аварга модыг нутгийнхан Этүгэн мод гэж ихэд сүсэлнэ. Эртний түүхтэй хотоос ч өмнө байсан мод гэхээр насыг нь тоолж тогтоохын аргагүй тул “Мянган наст” хэмээнэ. Арван хүн гараа алдлан тойроод тэвэрч чаддаггүй, түмэн салаа мөчиртэй саглагар бүдүүн тэр мод наран ургах зүгт харсан, хүн багтаж орохоор үүдтэй төдийгүй дотроо тав зургаан хүн чөлөөтэй суух хөндий зайтай.

Уг хонгилыг Эхийн умай хэмээн нэрийдэх нь бий. Сүсэгт хүмүүс аварга модыг тэнгэрээс буусан гэж үздэг тул намар ургацын баярын үеэр тайж тахидаг, бусад үед очихыг цээрлэн, чулуугаар гурван давхар гортиг татан, хөл хорио тогтоодог билээ.

Бүсгүй ямар учиртай Этүгэн модны дор уулзахаар болзсон нь учир битүүлэг.

Бүсгүйг гэх сэтгэл айдсыг нь ялан дийлж, шөнийн хонх цохиж, хөл хөдөлгөөн татарсны дараа болзоот газар ирэв. Нохдын давгинах дуу үл тасарна. Тэнгисийн зүгээс үл мэдэг сэрүүн салхи үлээж, бороо ширвэгнэнэ. Аварга модны буман навч сэрчигнэнэ.

Шар шувуу хүүглэх жигэр дуу, могой шийхнах зэвүү чимээ сонстоно. Чулуу шажигнах чимээ гарсан зүг рүү ойртон очвол бүсгүй түүнээс ялимгүй өмнө ирсэн бололтой хүлээж зогсов. “-Чамайг ирнэ гэж итгэж байсан юм” гэж бүсгүй хазгай аялгатай боловч нутгийн хэлээр тодхон хэлээд, гивлүүрээ авав. Сарны бүүдгэр туяанд бүсгүй тун чиг үзэсгэлэнтэй харагдана.

Шаман хариу хэлж амжаагүй байтал бүсгүй гараас нь хөтлөн модны хөндий рүү оров. Тэнд бүгчим чийглэг ч дулаахан байв. Бүсгүй ийнхүү хүүрнэжээ.

-Би талын нүүдэлчин гүрний умард хязгаарыг сахин суух язгууртан хүний охин билээ. Эцэг минь жилийн өмнө эртний танил араб худалдаачинтай арилжаа наймаа хийхээр тохирсон ёсоор газар дундлан уулзах “Тэнгэрийн нүд” баян бүрдийг зорихдоо эрх танхи бага охин намайг газар үзүүлэхээр дагуулж гарсан нь ийн гайн зовлонд унагав. Эцэг минь шилдэг гучин цэргээ дагуулан, шилмэл мянган агтаа туун олон хоног аялан явсаар болзсон газраа дөхөн ирэхэд, цагаан чалма ороосон, хар нөмрөгт морьтнууд гэнэт элсэн дороос урган гарах мэт бүслэн авсан юм. Махир сэлэм, армаа жадаар зэвсэглэсэн тэдгээр харь хүмүүс гэнэдүүлэн довтолж, манайхныг ихэд сандаав.

Шилдэг цэргүүд амь хайргүй нөрөн тулалдсан боловч, элсний ширхэг шиг тоо томшгүй хар морьтнууд нэмэгдсээр, ихэнх маань хядуулж, амьд үлдэгсэд дайсны олз болов. Шилмэл агтыг маань хуу хамж, биднийг элсэн цөл, уулын хавцал бүхий үлэмж бэрх замаар олон хоног туун явсаар танай хотод ирсэн билээ. Энэ бүхэн шунаг худалдаачны хорон санаа байсныг бид сая л ухаарав. Харь хэлт хөгшин баяны өврийг дулаацуулж, үрийг тэврэх хүсэл надад алга. Тэрний оронд толгойгоо авхуулснаа нь дээр.

Жалдам тал нутагтаа очихыг туйлын ихээр хүсэж байна. Чи надад туслаач. “Тэнгэрийн нүд” баян бүрд хүрэх юм бол түүнээс цааш би нутагтаа хүрэх замыг мэднэ.

Хэрвээ чи надад туслах юм бол би чиний хүслийг... гээд түгдэрснээ,

-Чи хэрвээ хүсвэл тал нутагт намайг дагаад очиж болно шүү гээд дуугаа хураав.

Үг хэллэг нь харь хазгай ч Шаман бүсгүйн ярьсныг бүгдийг ойлгожээ. Чухам яагаад өөрийг нь гэж тусламж эрсэн нь оньсого таавар мэт. Бүсгүй түүний бодлыг таасан мэт,

-Анх талбай дээр туугдаж ирэхэд олны дундаас намайг шимтэн харж байгаа чамайг би анзаарсан юм. Дараа нь зээл дээр таарахдаа намайг өрөвдсөн харцаар харахад чинь итгэж болох хүн байна гэж бодсон. Нүд сэтгэлийн толь гэдэг болохоор манай тал нутгийнхан хүний нүд рүү хамгийн түрүүнд хардаг юм. Сүүлд эзний өргөөнд чамайг орж ирэхэд нүднээс чинь надад дурласан болохыг мэдсэн юм. Чи намайг яаж энд хүрч ирэв гэж гайхах нь зүй. Эзэн эргийн суурин руу айлд зочлохоор гурав хоногийн дараа явна гэж байсан юм. Сайхан сэтгэлт хүн надад туслан, хэрмийн нууц хаалгаар гаргаж, уулзаж болох хамгийн аюулгүй газрыг зааж өгсөн юм гээд уртаар санаа алдав.

Бүсгүйн яриаг анхааралтай чагнаж, хичээн ойлгох гэж чармайж суусан Шаман чимээ алдрахад нүүр өөд нь харвал бүсгүй уйлж байлаа. Үзэсгэлэнт бүсгүйг дагаад тэнгэрийн хязгаар хүрсэн ч чадах юм шиг сэтгэл нь оргилон мөрөөр нь тэврэн аргадав. Бүсгүйгээс малига цэцгийн үнэр анхилна.

-Би чамд заавал тусална аа. Чи надад итгэж болно гэж Шаман зоримог хэлээд, гарыг нь атгав. Бүсгүй нулимсаа арчаад,

-Би эндээс амьд гарч, эх нутагтаа эсэн мэнд хүрэхийн тулд хамгийн түрүүнд хэлийг нь хурдан сурах хэрэгтэй гэж мэрийсэн юм гээд, сэтгэл нь онгойсон бололтой инээмсэглэв. Ханцуйгаа шамлан бугуйндаа зүүсэн суран оосортой хос шагайны нэгийг тайлан,

-Тал нутгийнхан “За” хэмээх андгайтай. Надад тусална гэсэн андгайн чинь гэрч энэ шагай болог. Мал сүргийн эзэн онгон сахиус хайрласан шагай байгаа юм гээд,

Шаманы алган дээр тавив. Шагайнаас бүсгүйн биеийн халуун илч мэдрэгдэнэ.

-Энэ хотын хана хүртэл нүд чихтэй болохоор удаж болохгүй. За би явъя даа гээд урьхнаар инээмсэглэв.

Бүсгүйтэй уулзсанаас хойш Шаман гурав хоног гадагш гарсангүй. Бүсгүйг хэрхэн оргуулж болох талаар элдвийг эргэцүүлж, арга ухаан уралдуулан, адар ширтэн хэвтсээр нойр хоолоо ч мартав.

Бүсгүйтэй л хамт байвал тэнгэрийн хаяа, газрын мухарт хүрэхэд ч бэлэн байв. Үүлгэртсэн амьтан үсээ үгтээн сууж байтал үдшийн бүрэнхий нөмрөх үед хаалганы хонх дуугарахад цонхоор өндийн харвал Алтан шүдтийн зарц Досун яаравчлан алхсаар орж ирэв. Амьсгаа нь давхцаж, царай нь барайсан залуу шанааг нь даган урсах хөлсөө ханцуйгаараа шудран,

-За найз минь хэцүү хэрэг тохиолоо. Аригун та хоёрыг нууцаар уулзсаныг эзэн мэдсэн байна. Цаадах чинь өнөө өглөө ирсэн юм. Бөгтөр зарцдаа чамайг өнөө шөнийн дотор хөнөөхийг тушаасан байна. Сэм яриаг нь Аригун халхавчийн цаанаас сонссон гэнэ.

Тэгээд чамд хэл хүргүүллээ. “-Даруйхан хотоос гарч “Тэнгэрийн нүд” баян бүрд дээр очоорой, өөрөө ямар нэгэн аргаар оргож чамайг гүйцэж очно” гэсэн гэж нэг амьсгаагаар хэлээд, гүнзгий амьсгаа аван чимээгүй болов. Дэнгийн бүдэг гэрэлд бөгтөр зарцын занхгар толгой, бүлтгэр улаан нүд, араатан төрх нь харагдах шиг болоход Шаман агзасхийснээ, шүлсээ гүдхийтэл залгив. Алтан шүдэтийн хамаг муу муухай бүхнийг гүйцэлдүүлдэг “Яргачин” хочит бөгтөр зарц бол хүмүүн бус гэмээр хүч чадалтай, харгис хэрцгий, балмад зэрлэгээрээ алдартай нэгэн тул хотынхон түүнтэй харц тулгарахаас ч айн ширвээтэх бөлгөө. Гэнэтийн сөв дайрч, хамаг бие нь салганан чичирсэн

Шаман хоолой нь чичирхийлэн,

- Бүсгүйг Алтан шүдэт яах бол, яаж оргох юм бол? гэж мэгдэн асуув.

-Эзэн юу ч болоогүй юм шиг урдын адил байсан. Мэдээгүй юм шиг өнгөрөөе гэж бодсон биз. Бүсгүйд өөрөөсөө илүү хайртай болохоор яалтай ч билээ. Оргож босохын тухайд ая эвийг тааруулж байгаад найз нь тусална. Чи санаа зоволтгүй. Хамаг мөнгө зоосоо аваад зугтахыг бод гэж хэлээд хариу хүлээлгүй ухасхийн гарч одов. Сүүлчийн үгэнд сэтгэл нь сэгхийсэн Шаман тэр даруй хувцсаа солин, далд хадгалсан алт, мөнгөн зоосоо хаман, илгэн уутандаа хийж мөрөвчлөөд, гадагш гүйн гарчээ.

Бэлтэй хүн хөлтэй гэдэг үгтэй. Замаасаа хоёр жингүү морь худалдан авч, газарч хөлслөн, давуурь багатай асхан замаар шидрэхүүн довтолгосоор гурав хоногийн дараа мөнөөх баян бүрдэд хүрчээ. Хязгааргүй мэт үргэлжлэх элсэн манхадын дунд хайлаас, тоорой, хуайс холилдон ургасан ногоон төгөл гэнэт гарч ирэх нь тэр. Тэрхүү төглийн дунд гүн хөх ус мэлтэлзэн байх нь хараа булаана. Шувууд тошгирон, оруул бялзуухай жиргэж, бөртийх ч үүлгүй гүн хөх тэнгэрт дэлт бүргэд, алсуун тас эргэлдэнэ.

Бүрдийн зүгээс чийглэг, сэрүүн салхи сэнгэнэхэд, усны үнэр авсан морьд нь үүрсэн янцгаалдаж, хөл нь хөнгөрөөд хазаар даран тэмүүлэх нь бахтай.

Холд замд агсагдан хамаг бие нь буларсан Шаман буурчийн газрын дэн буудалд өрөө авч, сая нэг нуруу тэнийн, санаа амраад гүн нойронд автжээ.

Өрнөөс Дорныг чиглэх Торгоны зам дайран өнгөрдөг болохоор уг баян бүрд олон хэлийн хүмүүс нааш цааш холхисон их хөлийн газар аж. Энд тэндгүй аянчид жодгороо босгож, тэмээ малаа хэвтүүлж, ачаа бараагаа буулгасан харагдана.

Илжиг, луусанд бараагаа тэгнэсэн худалдаачид, зэр зэвсэг агссан цэргийн хүмүүс ч үзэгдэнэ.

Шаман элсэн манхан дээр гарч, алсын бараа харуулдан өдрийг өнгөрөөнө.

Тэнгэрийн хаяа руу алсран үргэлжлэх элсэн цөлд зүг чигийн баримжаагаа алджээ.

Аль зүгээс ирснээ ч багцаалдах юм алга. Адтай сэргэлэн Досун ямар нэг аргаар бүсгүйг оргуулах байх гэсэн горьдлого найдвараар өдөр хоногийг мэрж байв. Ийнхүү нүдээ хөхөртөл харуулдсаар хагас сарыг барж гэнэрэн суутал зүүдний наймаачинтай таарчээ. Тэр ирснээсээ хойш бүсгүйгээс өөр юу ч бодохоо болин мөч тоолон хүлээсэн ч зүүдэнд нь орж ирсэнгүй. Тиймээс Аригунтай зүүдэндээ уулзахыг юу юунаас илүү хүсжээ.

Тэнгэрийн нүд бүрдээс хоёр хүн морио усалж байхыг сайтар ажиглан харвал нэг нь бүсгүй хүн. Бие галбир, алтарга нь Аригунтай тун ойролцоо харагдана. Шаманы сэтгэлд найдварын оч гялсхийж, тэр зүг яаравчлан гүйлээ. Ус руу тонгойн нүүрээ угааж суусан бүсгүй нойтон гараараа үсээ илсээр босож ирэв. Аригун дүрээрээ мөн. Хөөрч хөгссөн Шаман арай л орилж бархирсангүй, сэтгэлийн хөөрлөө хүчлэн барьж ойртон очлоо. Бүсгүй түүнийг танихгүй хүн үзсэн мэт хөмсгөө өргөн гайхан харав. Багтарч балмагдсан Шаман үг дуугарах гэтэл хоолойд нь бүлх тээглэсэн мэт хий л ам нь ангалзан байв.

Ус ууж ханасан хоёр морио хөтөлсөөр эрэгтэй хүн дөхөн ирсэн нь Досун байв.

Шаман сая л сэхээ орж,

-Найз минь чи хэлсэн үгэндээ хүрлээ шүү гэж амьсгаадан хэлэхэд, Досун доогтой инээвхийлж,

-Чи намайг бусар амьтан гэж бодсон уу гэж шазуур зуун хэлээд чимээгүй болов.

Түүний хөндий хүйтэн харцнаас Шаман айн цочих шиг болж хойш ухрав. Досун,

-За найз минь, би чамд нэг хачирхалтай түүх ярьж өгье. Чи миний яриаг таслалгүй тэвчээртэй сонсоно шүү. Чиний эцэг залуудаа эхнэртэй мөртөө миний эхтэй сэтгэлийн холбоотой, нууц амрагууд байжээ. Миний эх өнчин өрөөсөн, айлын зарц барлаг, ядуу дорой ч гэлээ хөөрхөн бүсгүй байж. Борог хувцасных нь цаанаас гоо үзэсгэлэн нь нэвт харагддаг, зөрсөн хүн эргэж харахгүй байхын аргагүй, тийм сайхан бүсгүй байсан гэж хүмүүс ярилцдаг.

Чамайг төрсний дараахан ээж минь бие давхар болж энэ тухайгаа эцэгт чинь хэлжээ. Гэтэл эцэг чинь...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ