Би сумын зочид буудалд нар хөөртөл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зүгээс цэнгэг усны үнэртэй сэрүүхэн салхи сэвэлзээд, гудамжаар хүүхдүүд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» өрөөний хүрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтүүнээс нь өвсний үнэр үнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цөцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг. Ер нь ч манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yүнд муу нь юу байх вэ. Тэгээд бас өчнөөн жил төрсөн нутагтаа ирээгүй намайг өөриймсөх нь аргагүй биз. Арван хэдэн жилийн өмнө нэг ирснээс хойш яагаад ч юм бэ аян тал тааралгүй тойрсоор одоо хүрчээ. Насжихаар нутаг санагдана гэдэг нь үнэн юм. Бас сүүлийн гурав дөрвөн жил төрсөн нутгийнхаа уул усыг зүүдэлдэг, багынхаа явдлыг зүрх шимширтэл дурсан санадаг болжээ. Хүний жаргалын дээд бага насны дуртгалд байдаг гэж Достоевский ч билүү хэн нэгний хэлсэн бий. Хотын хөл үймээнээс уйдаж бухимдаад ч тэр биш ердөө л насны нар хэвийж, төрсөн газраа санагалзах болсных биз. Тэгээд л амралтаараа зориуд ирсэн минь энэ. Нутагтаа гэхийн бас нэг учир бол тэртээ гучаад жилийн өмнөөс сэтгэл зүрхэнд минь уяатай явдаг нэг хүн бий. Тэр бол Хулан юм. Хуланг сүүлийн удаа харснаас хойш арваад жил өнгөрчээ. Хэдэн жилийн өмнө шар Цамба нас барж, Хулан бэлэвсэрснийг сонсоод хань бүл муутай яаж шүү амьдарч байдаг бол гэж хааяахан бодно. Хуланг багын минь амраг шүү дээ гэж бодоход сэтгэлийг нэг л яруу сайхны униар будан бүрхээд ирнэ. Багын амраг гэдэг хэлэхэд яруухан агаад үнэхээр л ямар нэг алс холын униар будан дундаас гэрэлтсэн дүр зураг, намуухан цууриатах аялгуу эгшиг шиг болжээ. Хуланг бэлэвсэрлээ гээд хань болж очих нас, боломж аль хэдийн өнгөрсөн гэлээ ч царайгий нь харж идэр залуугийн явдлаа дурсвал санаа ихэд тэгшрэн, гуниг ганцаардлаас ангижрах мэт санагдана. Тэгээд ч анхны хайрын дуртгалд хожмын амьдралын өлзий учрал алдаа эндэгдэл, хясал гачаал аль бүхний эх үүсвэр нь хадгалагдах ажээ.
Би өрөөний дун цагаан адар ширтэж тамхи сорон, энэ мэтийг бодолхийлэн хэвттэл хэн нэг хүн хаалга аяархан тогшив.
За хүүхээ! гэхэд хаалга алгуурхан нээгдэж, онгосхийсэн ногоон торгон дээлтэй өндөр бор охин гирэвшсээр орж ирээд
Ах гуай таны морь бэлэн боллоо гэв. Би гайхан
Миний морь гэнээ? Би чинь мод унасан... гэтэл охин инээмсэглээд
Ээж танд морь явуулсан юм.
Ээж чинь хэн бэ
Хулан
Хулан гэнээ гээд босон харайтал охин нэг зурвас өгөөд ичсэн юм шиг бушуухан гарлаа. Сурагч дэвтрийн тал хуудсан дээр «Сампил сайн явж байна уу? Уржигдар ирснийг чинь дуулсан Би охиноороо морь явуулав. Чи үдийн алдад гол дээр очоорой. Нөгөө газраа мартаагүй биз дээ. Би тэнд очоод хүлээж байна» гэж их л хичээнгүйлэн бичжээ. Ээ тэнгэр минь! гэж би дуу алдлаа. Хулан намайг мартаагүй юм байна. Тэртээ гучин жилийн өмнө Ононгийн гарман дээр өдөржин саатаж халуун янаг үгээ хэлэлцэн, холын явдлыг мөрөөдөж сууснаа мартаагүйд одоо намайг зүгээр л гэрээр нь ороод өнгөрүүзэй гэсэн шиг тэр газраа уулзаж багын явдлаа дурсая гэжээ.
Яаран хувцаслаад буудлаас гарахад нарийн борлог морь хашааны шонгоос уяатай хазаар даран байв. Хуучин боловч сайхан эмээл тохоостой. Хулангийн эмээл яг мөн. Боржгин хийцийн намхавтар бүүрэгтэй, уужим суудалтай, элэгдэж шарласан ясан хяртай, угалз нь холцорсон ногоон ширэн гөлөмтэй энэ эмээл даанчиг танил ажээ. Юм гэдэг хачин. Гучин жилийн өмнө Хулангийн гоёлын энэ эмээл шив шинэхэн байсан. Нэг эмээлийг хүн гучин жил тохож явдаг байнам. Гэвч эд эзэн хоёр элэгджээ гэж санагдсангүй. Өчнөөн цаг улиран өнгөрсөн атал бүх юм хуучин хэвээрээ, бат бэх юм шиг. Идэр залуу насандаа эргэж очиход саад болох юм байхгүйгээр барахгүй, юуг ч өршөөлгүй элээн одогч цаг хугацааг түр зуурхан ч гэлээ хумин орхиход энэ хуучин эмээлийг таних төдийхнөөр болдог ажаам. Тийнхүү бие сэтгэл ихэд хөнгөрөн мордож давхисаар Ононгийн гарам дээр ирэв.
Онон минь! Багын амраг шиг сайхныг яана. Онон хааяа нэгхэн ч гэсэн уулзан учрах болзоотой юм шиг билээ. Гоо үзэсгэлэнгээр төдийгүй ямар нэг амь амьсгаагаар сэтгэл зүрхэн дундуур мэлмэрэнхэн урсаж, гуниг ганцаардлын цагт тайтгарлын зөөлөн уянга үүсгэн «Хүний хүү чи санаж сарвайх уул устай шүү» гэж шивнэн байдаг. Онон найман сарын нэл ногоон шугуй дундуураа цэлмэг тэнгэр, нартай сүлэлдэн урсаж, намуухнаар харгилна. Бидний багад нааш цаашаа зорчигсод тасардаггүй байсан гарам одоо эль хуль, морь малын мөр бараг байхгүй харин хоёр тал нь машин тракторт сэндийлэгджээ. Ийнхүү голын гарам хүртэл энэ цагийн ул мөр гарсан нь энэ бөгөөд гучин жилийн өмнө Хулан бид хоёр шар Цамбын хурдан морьдыг хөтлөөд энэ гарам дээр саатан нааш цааш тасралтгүй сүлжих наадамчдын замаас зайдуу газар эрж байж билээ. Одоо би тэр газраа эндүүрсэнгүй. Гол гараад таамгаар чиг авч, монос бургас сүлжин хүрч ирэхэд Хулан анхны болзоонд урьтаж ирсэн охин шиг ичингүйрэн
Чи бүр андуурахгүй ирлээ шүү гээд алгандаа түүсэн хэдэн том мойл сарвайж
Мойл ид гэснээ юунд ч юм буруу харав. Би мойлноос амандаа хийгээд гарыг нь барьж
Чи минь сайн уу даа? гэхэд Хулан,
Сайн гээд наашаа харлаа. Түүний тунгалаг бор нүдэнд үл мэдэгхэн нулимс гүйлгэнэжээ. Хулан нугалаас нь арилаагүй хөх торгон дээл дээр нарийхан ногоон дурдан бүс ороож...
Өгүүллэг
2026.04.11
Хулан тавь шүүрч яваа авгай гэхэд бие цогцос уян чилгэр янзаараа...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
2 months ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Өгүүллэг
negdeh
2 days ago
Бaян эp гэp өөдөө дөxөж явтaл эxнэpийнx нь мaшинд xэн нэгэн cууж буй xapaгдaж очоод хартал....
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалын нууцыг тайлж өгсөн ялдамхан сайхан эгч бүсгүйдээ хорогдон...
Өгүүллэг
negdeh
2 months ago
Caaxaлтын нoxoд боргуулан xaмaг xүчээpээ уйлaгнaн opилox бүcгүй...
Altanzul
altanzul
3 days ago
“Ялдамхан сайхан эгч бүсгүйтэй өнгөрүүлсэн 14 хоног”
Өгүүллэг
negdeh
2 months ago