Цэлгэр том ариун цэврийн өрөөний цонхон дор тавьсан хуучин яйжгий сандал дээр ээж нь суучихсан охиноо дүрлийтэл харж байлаа. Шүлт ихтэй хямдхан барааны саван, хлораминтай усанд түлэгдэж зөөлөрсөн гараараа түүний духыг нь илж “Миний муу бондгор охин овоо доо” хэмээн үнсэхээр уруулаа цорвойлгов. Гэвч ээж нь түүнийг үнссэнгүй. Хандаа үнсүүлэх гэж өндөлзсөн ч ээж нь аажим аажмаар холдсоор алга болчихов.
“Ээжээ, ээжээ” хэмээн хичнээн дуудсан ч эргэж ч харсангүйд гомдож, бахардан тэр нойрноос сэрлээ. Цаг харвал үүр цайх дөхөж байгаа бололтой. Өчигдөр оройн найр цэнгэл, магтаалын үгсээс түүнд юу ч үлдсэнгүй. Харин ээжийнх нь хэлсэн “овоо доо” гэсэн үг л толгойд нь эргэлдэж эхлэв. Хөөрхий дөө. Миний ээж хүн магтаж, долигонож, хуурамч сайхан үгээр хүний толгой эргүүлж явсан биш. Магтуулж, шагнуулж, бас эрх мэдлийн төлөө зүтгэж байсан биш. Овоо доо гэдэг ганцхан урмын үгнээс өөр сайхан үг мэддэггүй байсан байлгүй дээ” хэмээн бодоход нулимс нүдийг нь бүрхээд ирэв. Хандаа ээжтэйгээ хоёулханаа амьдардаг байлаа. Ээж нь эмнэлэгт асрагч хийнэ. Хүнд өвчтөнүүдийн өтгөн шингэнтэй зууралдаж, ОО-ын өрөөний шал зүлгэх ээжээсээ Хандаа үргэлж ичдэг байж билээ.
Ангийнх нь охидууд эцэг эхийнхээ тухай ярихад Хандаа дуугардаггүй, “Манай ээж эмнэлэгт ажилладаг” гэхээс өөр юу ч хэлдэггүй байв. Үнэндээ тэр ээжийнхээ ажил дээр ирэнгүүтээ л сайхан зантай их эмч хүүхний өрөө рүү орчихно. Эмч нарын яриаг өдөржин чагнаж, хичээлээ давтаж суусаар ээжийгээ ажлаа дуусгахыг хүлээнэ. Ажил тарсан хойно охин ээжийгээ хувцсаа өмсөөд гарч ирэхийг хүлээн эмнэлгийн үүдэн дээр зогсож байдаг байлаа. Өдөржин шал зүлгэж, өвчтөнүүдийн өтгөн шингэнтэй зууралдсан ээжийгээ гарч ирэхэд ч охин нэг их юм ярихгүй.
-Ээжээ та яагаад асрагч хийдэг юм. Эмч болж чадаагүй юм уу? гэхэд ээж нь
-Яасан. Ээжийнх нь ажил муухай байна уу? гэснээ инээмсэглэнэ. Хандаа
-Муухай. Ёстой муухай ажил. Таны гараас хлорамин үнэртэж байна. Та эмч байсан бол гоё байхгүй юу. Би хэзээ ч тань шиг цэвэрлэгч болохгүй гэвэл ээж нь гомдсон шинжгүй
-Оноосон тавилан л юм байлгүй дээ гэдгээс өөр үг хэлдэггүй байлаа.
Оноосон тавилан...Энэ үгэнд Хандаа үнэн голоосоо дургүй. Охин өсөхийн хэрээр ээж шигээ тавилантай байхыг хүссэнгүй. Анагаахын дээдэд орсон хойноо ч асрагч ээжтэй гэдгээ бусдад мэдэгдэхийг хүссэнгүй. Тавиланг цаанаас нь оноож өгдөг гэдэгтэй тэр өнөөдөр ч эвлэрч чадахгүй яваа нэгэн. Үнэндээ өчигдрийг хүртэл тэр ээжийгээ уруу дорой, бас тэмцэл зүтгэлгүй амьдарсан хэмээн голдог байлаа. Хандаа эмч угаасаа ах дүү цөөтэй хүн. Дээр нь жаахан зожигдуу, дураараа зантай учраас тэр бүр хүнд найр тавиад байх нь тун ховор. Өнчин өрөөсөн, ядуу зүдүү өссөн ч гэсэн өөрийнхөө чадлаар л амьдарч, өөрийнхөө хүчээр бүхнийг даван туулж байна хэмээн тэр цээж тэнэгэр боддог байлаа. Ядуу асрагч, жорлонгийн шал зүлгэдэг байсан нөхөргүй хүүхний ганц охин гэж хэлүүлэхээс тэр үргэлж айж эмээж ирсэн.
Амьдралтай тэрсэлдэж, хэзээ ч, хэний ч өмнө бууж өгөхгүй, ээж шиг уруу дорой амьдрахгүй гэж тэр зүтгэдэг, тиймдээ ч өдий зэрэгтэй яваа гэж бардамхан боддог байлаа. Хандаа эмч гавьяатынхаа найрыг өргөн хийхээр шийдсэн ч гэсэн ээжийнхээ хуучны найзууд, хамт ажилладаг байсан хүмүүсээс ганцыг ч урьсангүй.
Гэвч түүний найранд ирсэн хөгшин багш хундага барин тайзан дээр гарч ирснээ “Манай Хандаа үнэхээр азтай охин шүү. Хандаагийн ээж Оюунаа манай Анагаахын дээдийн толгой цохидог сурлагатай, бас авьяастай охидуудын нэг байлаа. Биднийг дөрөвдүгээр курсдээ Эх нялхаст дадлага хийж байхад хөдөөний оюутан охин төрөхийн хүндрэлээр нас барж, өнчирч үлдсэн охиныг нь асрамжинд өгөх гэж байхад...