Одоо энэ түүхийг хүнд яривал хэн ч үнэмшихгүй, магадгүй намайг солиорсон гэх байх. Гэвч миний баруун гарын шуун дээрх тэр гүн сорви, шөнө бүр зүүдэнд цуурайтах тэр зэрлэг инээд бүхэн үнэн байсныг гэрчилнэ.
Арван хэдэн жилийн өмнө би Алтайн цаадах говьд геологийн хайгуулын багаас хоцорч, төөрөлдсөн юм. Ганц фургон машин маань элсэнд сууж, мотор нь цохиод таг зогсоход би тусламж авахаар явган гарсан нь миний амьдралын хамгийн том эндүүрэл байлаа. Гурван өдөр нарны халуунд шарагдаж, ганц усны савтайгаа зэрэглээ дунд бүдчиж явахдаа би үхэлтэй эвлэрчихсэн байв. Сүүдэр минь л надаас салшгүй ганц хань болж, элсэн дээр сунайсаар...
Тэр нэг орой би хад асгатай, бага зэрэг сүүдэр бүхий хавцалд арай гэж хүрч ирээд хэвтлээ. Сульдаж ядарсандаа ухаан балартаж байтал ар талд нэг л хачин, хүйтэн мэдрэмж төрөх нь тэр. Хэн нэгэн намайг араас цоо ширтэх шиг... Би юу билээ гэж бодоод, хамаг хүчээ шавхан эргээд хартал нэгэн хачин амьтан намайг хараад ярзайтал инээмсэглээд зогсож байв.
Тэр бол хүн биш, бас араатан биш байлаа. Алмас... Түүний нүд нь яг л өлссөн нохойных шиг шовх бөгөөд хурц цагаан өнгөтэй. Бие нь бүхэлдээ армаг тармагхан урт хар үсээр бүрхэгдсэн ч нүүр болон алганы дотор тал нь хүнийхтэй төстэй, арьс нь хүрэн бор. Хамгийн жигтэй нь, аарцны савнаас наанагүй хоёр том мээм нь унжиж, тэр намайг аюулт араатны биш, харин эр хүн хүссэн эм хүний нүдээр тачаадал дүүрэн ширтэж байх нь тэр.
Би айхдаа хөшиж орхив. Гэвч олон хоног ганцаараа үхэлтэй тэмцсэн эр хүний дотор нэгэн хачин зөн совин сэрсэн үү, эсвэл халуундаа дэмийрсэн үү, мэдэхгүй. Би түүний нүд рүү ширтсээр ороо засаж, хэвтэх аядлаа. Нэг харвал өнөө аймшигт Алмас чинь хэдийнэ миний дэргэд, яг л хүүхэн шиг улай бутарсан халуун амьсгалтай хэвтэж байв.