Altanzul 2026.01.27

Хөвсгөлийн харын зайран тухай өгүүлэл.

altanzul

altanzul

Зохиогч

10 мин
Хөвсгөлийн харын зайран  тухай өгүүлэл.

Энэ бол 80-аад оны дундуур Хөвсгөл аймагт болсон явдал юм. Тэр үед Хөвсгөлийн Цагаан-Уул суманд Баатар гэдэг, нутаг усандаа төдийгүй хойд чигтээ алдартай бөө байжээ. Олон удам дамжсан бөө гэнэ билээ. Эцэг, өвгөд нь их хэлмэгдүүлэлтийн бэрх цагийн аясыг даагаагүй ажээ. Ялангуяа аав Даржаа нь тэр цагт хэлмэгдэн баригдаж явахдаа өөрийгөө тарнийн аргаар егүүтгэсэн гэдэг. Болсон явдал ийн байлаа. Даржаа бөө Цагаан-Уулдаа алдаршиж асан үе. Үе дамжсан зайран тул нутгийн төдийгүй зэргэлдээ аймаг, сумынханд ч чадах чинээгээр тусладаг байж. Нэгэн удаа Цагаан-Үүрээс хоёр хүн ирж залжээ. 19-тэй охин галзуурав гэсэн дуудлага байжээ. Даржаа гуай очвол, дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Буриад айл байсан аж. Даржаа зайран үдшийн бүрийгээр буужээ. Өмсгөлөө өмсөн, хэнгэргээ дэлдэн, тамлагаа дуудан, цамнаж гарчээ. Түүдэг тойрон цамнаж байснаа суун тусаад шууд буриадаар загнаж гарчээ. Өөрөөр хэлбэл, буриад охины өвөөгийн сүнстэй холбогдсон байна. Хөрвүүлбэл, өвгөний сүнс ийн хэлжээ. “Охин минь, чи даанч яав даа. Чи булга агнадаг биш зүүдэг хүн шүү дээ. Юугаа хийж амьтны амь таслаад байна аа. Чи жирэмсэн байхдаа буу үүрч, бор гөрөөс бууджээ. Жир гөрөөс биш байж. Хэцүү дээ, охин минь” хэмээжээ. Ингээд Даржаа бөө харын аргаар аргалах болжээ. Охиныг нэгэн хар модонд хүлүүлээд түүдгийн цучлаар шавхуурдан цамнасан байна. Ингэхдээ амандаа байнга тайлга хэлж байсан нь мэдээж. Тэгэх бүртээ ёслол болж буй уулын орой руу үе үе харан, чих тавьж байсан гэдэг. Дом эмчилгээг удтал хийсний эцэст сая нэг юм уулын оройд гөрөөс буйлах дуу гурвантаа гарч, задран ухаан алдаж унажээ. Амнаас нь хөөс сахран хэсэг хэвтсэнээ босож ирээд нөгөө охиныг усаар ариусгажээ. Ус цацаад л тамлага хэлээд л… Тэгж тэгж засал сая нэг юм шөнөөр өндөрлөсөн байна. Маргааш бууг нь ариусгаад дахин барихыг хорьсон гэдэг. Дахин буу агсаж, ан хийгээд солиорвол би дийлэхгүй. Чамд ангийн дон шүглэсэн байж. Энэ удаа аргаллаа гээд тэднийд хоёр хоноход охин эдгэсэн байна. Нөгөөдүүл нь Даржаа зайранг хүргэж өгчээ. Тэднийг харьж явтал маш ширүүн аадар оржээ. Ёстой л хувингаар цутгах мэт орж байсан юм байх. Даржаа хоёр нөхрийн хамт уяан дээрээ буугаад морьдоо уячихаад гэрт орж ирэхэд хүмүүс мэл гайхаж, цэл хөхөрчээ. Тэр гурвын хувцас хув хуурай байж. Хамт явсан хоёр нь ч ихэд гайхсанаа ийн ярьжээ. “Биднийг нэлээд дөхөж явтал хүчтэй аадар орсон. Бид ч баларлаа гэж бодлоо. Гэтэл зайрантан өврөөсөө нэг ургамал гаргаж ирээд тарни юм уу тамлага уншиж үлээв. Орж эхэлсэн бороо ярагдаад явчихсан. Биднийг тойроод л шаагиад байлаа” хэмээжээ. Үүнийг тэр үед 10 настай байсан хүү нь болох Баатар зайран сонсож, нүдээр үзсэн тухайгаа бурхан болохынхоо өмнөхөн буюу 2001 онд ярьсныг нутгийн хөвүүн багш Дэлгэрбат надад өгүүлсэн юм. Тэрбээр цааш нь ийн хуучлав. Баатар зайран надад ярьсан юм. Даржаа зайран Баатар бөөг есөн настай байхад бүх “юм”-аа өвлүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүү Баатар нь есөн настайдаа зайран болсон хэрэг. Тэр жилийн намар анх удаагаа буусан юм байх. Ингээд байж байтал 1938 он гарчээ. Нэг өдөр хар машин давхиад иржээ. Машинаас цэргийн дарга бололтой нэг хүн, буу бүхий хоёр цэрэг, сумын даргын хамт буугаад иржээ. Хэрэг бишидсэн нь тодорхой болов. Сумын дарга хий дэмий л хулганан, офицер зандарч эхэлжээ. Даржаа зайран хальт мөлт хувцаслаад, цай ч амсаж амжилгүй гарчээ. Сумын төвд авчраад баригдсан, зовлон нэгт хүмүүстэй нийлүүлээд нэг хонуулан аймгийн төв рүү ачжээ. Буутай харгалзагчид дагалдах тул оргох талаар бодохын ч хэрэггүй байв. Баригдсан хүмүүсийг хонь мэт холбосон гэдэг. Хонох газар буулгаж, аяга цай, хоол өгдөг байж. Нэгэнт өнгөрснөө мэдсэн хүмүүсийн хоолойгоор юу давах билээ. Хоолтой, хоолгүйн ялгаа ч бараг үгүй биз ээ. Тэднийг аймгийн төвд авчраад буулгахад, Даржаа зайран аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Хоёр талд нь сууж явсан хүнээс асуухад “Амандаа юм үглээд, захаа долоогоод л явсан. Нэг мэдэхэд таг чимээгүй болохоор нь унтчихлаа л гэж бодсон” гэжээ. Ногоон малгайтнууд айснаасаа болоод үнхэлцэг нь хагарсан хэмээн оношилсон байна. Харин нутгийн зон олон арай өөрөөр ханджээ. Манай хүн үхэхээ мэдсэн. Тэгээд зовлон багатай өнгөрөхийн тулд нууц тарнийн аргаар амиа егүүтгэсэн гэдэг ажээ. Зарим нь бүр өөрөөр, амиа хорлосон доо. Түүнд амьтан хордуулдаг хор зөндөө байсан. Хүн хордуулдаг нь ч байгаа биз гэх. Баатар эхлээд бүлгэмд сууж, дөрвөн аргын тоо, бичиг үсэгт тайлагджээ. Түүнийг цааш нь сургах гэсэн авч нэгэнт шүтээн авчихсан, онгод нь үе үе орох тул ээж, дүү нартаа туслах нэрээр хөдөө үлдэж амжжээ. Улааны суртал ухаалга их, мөрдлөгө хавчлага туйлдаа хүрсэн тул бүр ойн иргэдийг бараадсан байна. Тэндээ бүгсээр 1939, 1945 оны дайн, 1947-48 оны баруун хилийн тулгаралтын үеийн цэрэг татлагаас мултарчээ. Бараг бүртгэлгүй нэгэн байсан гэхэд болно. Тэр үед тайгад эмнэлэг, эмч байгаагүй болохоор гол хүн нь Баатар зайран байсан нь лавтай. Түүний талаар үлгэр мэт домог бишгүй. Сорчлон ганц хоёрыг хүргэв. 50-иад оны сүүлчээр мал нийгэмчлэх үеэр болсон явдал гэнэ билээ.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ