Зуны урт өдрүүд дуусч, намрын сэрүү ойртох үед Тунгалаг хоёр охиндоо санаа нь зовж, шаналж эхэлсэн байна. Энэ байдлыг анзаарсан Шагдар,
-Чи яагаад хачин царайлаад байгаа хүн бэ? гэж байн байн шалгаахад “Яасан ч хэлэхгүй дээ” гэж бодож суусан бүсгүй,
-Хоёр хүүхэд минь ойрд ярьсангүй. Утас нь холбогдохгүй болохоор санаа зовоод...гэсэн аж. Энэ үед Шагдар огт дуугараагүй мөртлөө 7-8 хоногийн дараа,
-Би хоёр охинтой ярилаа. Цаадуул чинь алзахгүй ээ. Чи л нялх, нойтон юм шиг санаагаа зовоодог болохоос биш...Одоо удахгүй чам руу ярина...гэснээ,
-Хоёулаа их өндөр цалинтай ажилд орчихоод жигтэйхэн завгүй яваа юм байна. Ажлын цагаар бол дарга даамлууд нь утсаар ярихыг зөвшөөрдөггүй гэнэ хэмээн хэзээ ч байгаагүй сайхан ааш гаргаж, Тунгалагт ая тал засаад сүйд болжээ. Тэр үед оройн хорин цаг өнгөрч байхад Алтантуяа,
-Та санаагаа битгий зовоогоорой. Бид хоёр ажилд орсон. Утсаар залгасны хэрэггүй. Зав гаргангуут бид нар л ярьж байя гэчихээд өөр илүү юу ч ярилгүй утсаа тавьсан байдаг. Охиныхоо дууг сонсч санаа нь тухайн үедээ амарч, тэр шөнөдөө Тунгалаг бүтэн нойртой хоножээ. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам өөрөөсөө айхад хүрсний хэрцгий нөхөр нь ёстой л хайлсан тугалга мэт өөрчлөгдөн бүсгүйг хэзээ ч амсч үзээгүй халамжаар бөмбөгдсөн аж. Шагдарын сүүлийн хэдэн жил гаргасан авир, хэрцгийлэл доромжлол нь Тунгалагийн сэтгэлийг бүрмөсөн хонгил болгож орхисон учраас тэрбээр төрөл арилжсан мэт бөөцийлөх нөхрийгөө хараад бүр дургүй нь хүрэх. Нөгөө талаас “Энэ яачихаад ингэх болов?” гэсэн хардлага нь Тунгалагийг зовсон жилүүдийнхээ хариуг авах мэт хахир ааш авир гаргахаас өөрөөр байлгаж өгөөгүй байна. Бүсгүй Шагдарын “Юу хийсэн”-г таах, олж мэдэх гэж толгойгоо гашилгаж байхдаа “Арай ч тийм юм хийж надаар тохуурхана гэж бодоогүй” хэмээн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байдаг. Ихэр охидынхоо аавыг алчихаад хорвоо хатуу гэдгийг мэдэрч уй гашууд автан явах үед нь “түшиж” авсан гээд бүх муу, муухайг нь сайхнаар “будаж” Шагдар гэх эрийг хороох тухай бүү хэл харааж ч зүрхлэлгүй арван жилийг хамт өнгөрүүлжээ. Ухаан орох үеэсээ “аав” хэмээн өргөмжилж өссөн ихэр охидод нь Шагдар хэзээ ч нүүр өгөлгүй, хатуу ширүүн гараараа ханддаг байв. “Богино ухаантай” гэж охидыг чамладаг ч Тунгалаг ухааныхаа уртаар хандаж “Энэ минь үрийн зулай үнэрлээгүй болохоор арга ч үгүй биз..” гээд нөхрөө аргадаж явсан болохоос биш ихэрхэн төрсөн охидоо өмөөрч явсангүй. Зөвхөн сэтгэл дотроо өмөөрч, зүрхээ сэмлэн сэмлэн шаналахдаа “Миний охид бушуухан том болоод үүрнээсээ нисэх шувууд шиг яваад өгөхөөр чамд надаас өөр хэн үлдэх юм” гэж тайтгардаг байв. Үнэхээр “түшиж” авсан. Би яг үхэх байсан” гэх Шагдарыг өөд нь татаж түүнд хүлэгдэн амьдарч байхдаа тэр хүний хорт могой шиг авир төрх дотроо ямар муухайгаар оргилж байгааг Тунгалаг анзаараагүй байна.
-Миний охидыг биш намайг зод! гээд өөдөөс нь сарвайн гүйж очоод хэдэн хавиргаа хугалуулчихаад мөлхөн байж хоол цайгаа хийгээд сууж байхад нь,
-Ээж ээ, гурвуулаа явъя гэж хоёр охин нь гуйж, бүр гэрээс нь өөрсдөө дайжиж хүртэл явсан удаатай. Дөнгөж наймдугаар анги төгсөнгүүт,
-Гар хөлийн үзүүрт ажилд сургана гээд дахин сургуульд явуулаагүй, хоёр охиныг нь дөнгөж 19 настай байхад хот руу аваад явсан нь Тунгалагийн хувьд амьдын хагацалд учруулжээ. Төдөлгүй “Хоёр охиноо их сайхан, өндөр цалинтай ажилд орууллаа” гээд сар гаруйн дараа ирсэн Шагдарын зан ааш нь бүр хайлсан тугалга адил болох нь тэр. Эх үрийн сэтгэл үргэлж холбоотой байдаг нь хүй нь тасарсан хэдий ч сүнсэн биеийнх нь уялдаа огт холддоггүйг илтгэдэг болохоор Тунгалаг харгис нөхрийн дарамтнаас ангижирсан боловч сэтгэлийн их шаналанд унажээ. Гэтэл утсаар ярьснаас нь хойш бүр их гиюүрч тогтож ядаад, сэтгэлд нь ямар нэгэн зөн совин байгааг анзаарсан Шагдар бүр тогоо, шанагатайгаа зууралдаж эхнэрээ халамжилж, хайрлах тусам Тунгалагийн дотор муухайрч байлаа. Шөнө дунд Тунгалаг хар дарж зүүдлээд хашгиран босонгуутаа,
-Чи миний хоёр охин, хаана юу хийж байгааг хэлж өг! Хэлэхгүй бол би өөрөө олох болно гэж Шагдар луу давшлаад,
-Эсвэл би хот орж, цагдаад хандаж охид дээрээ очно гэсэн байна. Нөхөр нь сандарч аргадаж “жүжиглэх” тусам эхийн зүрх, шархирч, айдас хургаад бүр байж ядан хэд хоножээ. Үхрийн дэлэн дээрээ залбирч ганцаараа ярьж зогстол Тунгалагийн утас час хийн дуугарсан байна. Харанхуйд гэр лүүгээ гүйж явах замд нь гадас тааралдсаныг шүүрч аваад гэртээ орж,
-Миний хоёр охиныг хаана, хэний гарт өгснөө хэлээч новш оо! Шагдар муухай инээснээ “Охид чинь одоо бусдын хүслийг хангадаг ажилтай болсон. Мэдлэг, боловсролгүй танай царай муутай охид хотод биеэ үнэлэхээс өөр юу хийж чадах юм” гээд муухай инээв. Бүсгүй хэлэх үгөө олж чадахгүй төмөр гадсаа далайн “Чи хүн биш араатан” гэж ноцов. Энэ зуур Шагдар “Ингэж яривал чамтай өөрөөр ярина шүү!” гээд ухарч, бүр дээлээ шүүрч авахдаа авдрын хөндийд босгож тавьсан калибрь буу руугаа гараа явуулах мөчид гадас далайсан гараа бүсгүй буцаагаагүй аж. Бүдчин гүйсээр саахалтаас хол зайд байсан айлд очсон Тунгалаг үг ч дуугарч чадалгүй уйлж, хашгичжээ. Хүний амь хөнөөсөн Тунгалагийн ухаан санаа нь балартан юу ч ярьж хэлж чадахгүй хоригдож байхдаа “Би амьд байх ёстой, бурхан минь. Өвөг дээдэс минь. Миний охид ээжийгээ аварна” гэж дотроо сүсэглэн залбирсаар хэд хоноод ярьж, үг хэлж чадсан байна. Ингэж тэрбээр хүний наймаачдын гарт орсон байсан ихэр охидоо аварчээ.
-Миний шоронд орох яах вэ. Хоёр сайхан охиныг минь ямар байдалд оруулсан байсан гээч... Миний зүүд, зөн совин минь тэр аймаар муухай амьтны хийсэн нүгэл бүхнийг хэлж өгч байлаа. Би олон жил шаналж, толгой гудайж явахдаа тэр хүнийг муу муухайгаар бодож явсангүй. Яагаад гэвэл би сайхан ханиа зуурдаар алдчихаад бараг галзуурчихсан явдаг байлаа. Тэр үед би үнэхээр өөрийгөө захирч чадахгүй аймаар болсон юм. Тэр үед Шагдар намайг хөтлөөд гэртээ авч очсон. Намайг хүчиндсэн. Гэртээ цоожилсон. Байнга зоддог байсан. Энэ бүгдийн эцэст би ухаан орж, охидоо таньдаг болж, өнгөрснийг мартаж, харууслаа орхихыг хичээв. Би “Энэ хүн намайг галзуу өвчнөөс салгасан” гээд ёстой өвдөг сөхөрч он жилүүдийг туулсан. Эцэст нь би тэр хүнд өөрөө дассан, хайрлах болсон хүн шүү дээ. Гэтэл миний охидыг ад үзээд байхад нь...