Должидыг ирж яваа хэдэн үүлнээс аргалаа нуун, адсагаар даруулж суутал гэрээс нь гарч ирсэн Түлэнхий Бор, Баажий хоёр гүнгэр гангар хийн шузганд хүрч, цулбуураа шувт татлаа. Мордоод явахдаа "Чадлынхаа хэрээр орчлонг бузарлаж яваад дууслаа даа" гэхийг дуулаад Бие муутай хүнийг ингэж байдаг гэж дотроо өрөвдөнгүй бодсон ч их гэрээс гучаад алхамд бариатай, баруун хаяа нь дордойсон жижиг гэрээ хараад хөмсөг нь буулаа. Тэнд нөхрийнх нь авга ах Аргай хоногоо хүлээн хэвтэж буй юм. Ай ингэж зовж байхаар үхчихээсэй, ямар ч бөх голтой юм гэж харууссаар гэр лүүгээ ороход нөхөр нь зөөтгөхөөр тавьсан том аягатай авгынхаа хоолыг нь аван өндийлөө. Толио сайтай ханийнхаа хөмсгөн дундах хонхорхой болтлоо тодорсон үрчлээг хараад дахин харуусчээ. Хоёрхон жилийн дотор энэ садангаасаа болж, ийнхүү арван насаар оворжуу харагдах гүн зангилаатай болж хоцорчээ. Түүнийг зогсоож, хөмсгийг нь арга ядан илэхэд мушилзангуй инээвхийлээд гарлаа. Төдхөн илүү гэрээс авгын харааж зүхэх, аяга халбага хангинах, Заяа чинь тэр дээ гэж хашгирах нөхрийнх нь дуу гарчээ. Нөхөр нь нялхийсэн муухай үнэр ханхлуулан орж ирээд эмээлээ шүүрч "Хаачиж үхэх вэ" гэж адгахад нь булаалдан авч, муу нөхрөө гэрийн зүүн зүгт түрлээ.
-Юу удааж дээ хөгшөөн. Тайвшир гээд орон доогуур шургаж, хоёрхон усаар авсан бидонтой шимийн юм гарган, зуухан дээр тавьж, хэдэн аргал зэрэглэжээ.
-Муу гай хөө. Хэзээ бид нэг их садагнаж явлаа. Муу эхийг минь хүртэл банзал янхан гэж хашгирч явсан байж ясаа хэмхрэхээрээ нэг их хүргүүлж гэнэ. Үхээрийн хар гай. Үхэж далдраад орчлонг цэвэрлээд өгөхгүй гэж байж цөхөхөд нь бушуухан аяга авч өнөөх бидонтойгоос аягалан гарт нь бариулж
-Нэг шөнө ч гэсэн нам унтаж үз, наадахиа уугаад гэхэд харц нь хорслоор гялалзан
-Ямар новш нь ингэж үр хүүхдээр тоглож, эхнэр хүүхнүүдээр гараа арчиж явахад гэмгүй бид хоёр үр хүүхэдгүй бөртийж явдаг юм. Бүр үндэс нь хатмар гэнээ. Даанч яав даа. Алив дахиад хийгээдэх.
-Ээ өнгөртөл нь охиноо л наашлуулалтгүй гээд дахин хийж нөхөртөө бариад өөрийнхөө жижиг аяганд ч хийж бушуухан балгажээ. Өргөмөл ганц охиноо тэр ёдрын хүний хараал ерөөлөөс дайжуулж, ээжийнх рүүгээ явуулаад удаж буй хоёр юм санж. Аргал уугимагц тогоотой хоолоо тавьсанд хань нь
-Муу хар үхээрт өгснөөс нохойнд өгсөн нь дээр гэж уурсахад нь
-Тэгдэггүй юмаа хөгшөөн гээд үглэхээс нь өрсөн бушуухан нэг аяганд хийж аваад боссонд нөхөр нь нулимсаа арчиж
-Нүд рүү сэрээ шидэж байна лээ шүү гэжээ. Илүү гэрт ороход өнөө муухай нялхийсэн үнэр дангинаж, зүүн орноо ялаа шавуулан хэвтсэн хөөрхий хүн эргэж харлаа. Өнөө муухай харцтай нүд нь нулимсанд живжээ. Орны өмнөх ширээнд хоолоо тавьж, модон аяганд нь цай хийгээд гарахаас өөр арга байсангүй. Үнэр танар нь амьд хүн тэсэхийн эцэсгүй болжээ. Гэртээ орохоосоо өмнө тэр муухай үнэрийг дарах гэж салхин дээр баахан зогслоо. Салхи үзээд түрүүний балгасан нэрмэл толгой манаруулна. Гурван эхнэр сольж, үр хүүхдээ зодож...