Өгүүллэг 2026.05.07

Найзынхаа хөөрхөн охинд дурлачихаад, дотроо бугшаад үхэх нь холгүй байхад хэмээн...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Найзынхаа хөөрхөн охинд дурлачихаад, дотроо бугшаад үхэх нь холгүй байхад хэмээн...

Булгамааг ийм хөөрхөн гэж даанч мэдээгүй явж. Хэний ч хараанд өртдөггүй чимээгүй охин гунхсаар ирэх нь лусын дагина шиг харагдсаныг яана! Эгдүүтэй шантгар хамар, адтай борхон нүд, инээмсэглэл тодрох ягаахан уруул, урагш түрсэн чийрэг цээж, туяхан бэлхүүс, гуалиг хөл бүх зүйл нь төгс зохицол, гоо үзэсгэлэн агаад, түүнээс энэ ертөнцийн бус, гандирсын орны цэцэгсийн үнэр анхилнам гэлтэй. Нямбай самнаж сүлжсэн хархан гэзэгнээсээ хэсэгхэнийг сул орхисон нь урагш орж ирж, хонгор жаалхан эзнийхээ хацрыг биш миний зүрхийг эрвэгнүүлээд авав. Хүүхэн ааль үзүүлэн үл ялиг сэлбэлзэх аястай ам нээхүйд, түүнээс гарах авиа чихэнд сонсогдох бус, цээжний гүн дэх далд чавхдасыг доргиосноос миний зүрх аюулхайгаа дэлсэн булгиллаа.

Гэтэл би гээч дүнхүү толгой өөрийн тулд бус, хүний төлөө түүн рүү ирчихээд зогсож байгаа нь юутай харуусалтай! Бантахдаа,

- Май энэ манай ангийн Ухнын захиа гээд андынхаа хайрын зурвасыг өөрийн мэдэлгүй сарвайчихсан зогсов. Найзын нэр эцэг малынх байдаг нь ч юув дээ, “Ухнын захиа” гэх тэр хоёрхон үгэн дээр Булгамаа сэртэсхийн цочоод, ягаахан уруулаас нь ялдам инээмсэглэл ор мөргүй арчигдлаа.

Хичээлийн хонх жингэнэсэн ч би Булгамаагийн ангийн өмнө зогссон хэвээр л байснаа, тооны хичээлд хяналтын ажилтайгаа санаад ухасхийн гүйсэн боловч хоцорч багшид загнууллаа. Ухна анд минь араас,

- Яасан? Атгуулж дөнгөв үү? хэмээн догдлон асуухуйд, миний дотор хоосроод явчихсан агаад, ахин хоёронтоо шивнэн шалгаасны дараа л би толгой дохимшоо аядав. Хүний захиа зөөж ирснийг мэдэнгүүт Булгамаагийн царайд асаж бадарч байсан нар сар, бүх гэрэл гэгээ унтарч бүүрийгээд, хачин гунигтай нүдтэй болж, чичирсэн гараар эвхээстэй цаасыг шүүрч аваад, үг дуугүй анги луугаа гүйчихсэн нь нүдэнд үзэгдсээр л.

Би тоогоо халмаг дулимаг бодож дуусгаад, багшийн өмнө шидчихээд гарсан бөгөөд, Ухна найздаа хальт харах ч завдал өгсөнгүй. “Ямааны эцэг” хочит маань хурууны хөдөлгөөн хараад цэг таслал зөрүүлэлгүй хуулчихдаг авьяастай эр хэдий ч, юун хяналтын ажил манатай, “Захиаг хүргэсэн” гэх гайхамшигт мэдээнд догдолж дуниартан сууж харагдана. Тэр хэтэрхий намхан хэрнээ чөргөр. Царай муутай дээрээ онигор. Онигор дээрээ нүүрэндээ томдсон хоёр танан цагаан шүдтэй нь яг л хүүхэлдэйн туулайных шиг. Ийм үлгэрийн юм шиг царай зүстэй найзыг минь тийм гоо охин тоож харахгүй гэдэг мэдээж.

Тэглээ гээд яах вэ, чамайг Булгамаа тоохгүй ээ гээд шууд хэлчихэлтэй биш, дэмий л шүүрс алдаад, цонхны тавцан дээр лагхийтэл суулаа. Ухна гэх энэ хүү хөдөө сумаас есдүгээр ангид элсэж ирснээр бид анх нүүр нүүрээ харсан агаад, багш суудал хуваарилахад би харааны шилтэй гээд хамгийн урд ширээнд, мань эр жижигхэн гээд миний ард суусан нь хувь тавилангийн тохиол ч юм уу, бүү мэд. Лав л би эхний хоёр долоо хоног хашрыг огт тоогоогүй. Хөдөөнөөс ирсэн, бас балай нэрнээсээ болоод “Ямааны эцэг” хоч авсан, чөрийсөн хөгийн амьтныг аймгийн төвийн ихэрхүү хүү нэг нүдээрээ ч хараагүй нь ойлгомжтой. Мань эр, “ойхоо”, “ойхоо” гэж өмнө хойно гүйсээр байгаад нэг л мэдэхэд арван жил салахгүй үерхсэн хоёр шиг л болчихсон явсан. Анхны жилээ хөөрхийг эргүүттэл загнаж, боол аятай юм болгонд зардаг байснаа энэ намраас больсон. Би энэ бүхнээ хормын зуурт бодож амжив.

“Цогоо, ойхоо” гээд л хоёр том танан шүдээ гарган маасайтал инээгээд хүрч ирдэг, хөдөөний жижигхэн найзаа бодохоос дотор зурагдахтай зэрэгцэн Булгамаа санаанд ороод, өмнө жигүүрийн нэг давхрын цонх руу харлаа. Тэр ангиасаа гараад ирчихсэн, цонхны тавцан дээр ганцаар цомцойн суугаад уйлж байна. Хичээл орж байгаа болохоор хэн нэгэн харчихна гэж санаагүй бололтой, нулимсаа арчаад л мэлмэрүүлээд л харагдана. Ангийнх нь хаалга нээгдэн охин гарч ирэхэд, хавдсан нүдээ нуун цааш холдох нь үзэгдлээ.

- Намайг өөрөө захиа өгөхөөр ирж гэж санаж. Гэтэл би гээч тэнэг.., гэж бодохоос мунхаг толгойгоо дэлсээд авмаар. Гэвч би яах байсан юм бэ? Найзынхаа захиаг өгөхгүй өнгөрөх гэж үү? хэмээн өөрөөсөө асуучихаад цочлоо.

- Хэзээ ч үгүй. Чөргөр онигор ч гэсэн, сүү шиг цагаан сэтгэлтэй хөдөөний хүүг би яасан ч хуурч чадахгүй! гэж дотроо хашгирлаа.

Ухна найз минь догдлоод л, булгилаад л, захианыхаа хариуг гурав хоног хүлээнгээ, над руу тал зассан янзтай ширтэн, толгойгоо илж,

- Ойхоо, Цогоо. Цаадах луугаа дэгдэж оччихоод ирээч, тэгэх үү? гэхэд нь надад бултах шалтаг олдохгүй. Огт санаандгүй байтал яваад очсонд гэнэтийн баярт автаж, над руу инээмсэглэл тодорсон нүдээрээ ухаангүй ширтсэн хэдий ч, хүний төлөө ирснээ хэлтэл гэнэт баярласан шигээ огцом гомдоод, тунирхсандаа л захиаг чинь авсан гэж болсон явдлыг бодитоор ярилтай биш.

Ямар сонин юм бэ? Булгамаа надад сайн, би түүнийг анзаараагүй л явсан болж таардаг. Тэгсэн хэрнээ энэ охин хэдийдээ ийм хөөрхөн болчихов оо? гэж би зүрх сэтгэлдээ ахиад л орь дуу хадаалаа. Тээр жилийн намар хүний анхаарал татахааргүй ноомой охин хотоос шилжиж ирээд, зургаагийн “В” ангид орсныг нь мэднэ. Тэмцээн уралдаан, үзвэр үдэшлэгт зөндөө л таардаг хэр нь би ийм болтлоо төрөл арилжсаныг нь яагаад анзаараагүй байдаг билээ? гэж өөрөөсөө асууна. Хариулт олдохгүй. Ямар сайндаа л Ухна:

- Би арвын “Ё”-гийн Булгамаад дурлачихлаа гэхэд нь,

- Өөрийнхөө зиндааны л амьтанд дурлаж дээ, чааваас гэж дотроо эвийлсэн ч, найзаа гомдоочих тул энэ бодлоо ил гаргаагүй.

- Тэр согоо шиг охин намайг тоохгүй. Чи л надад панаалдаж тус бол! гэж гуйхад нь, согоогоо ч хат даа гэж бараг л үг алдчих дөхөөд хэлээ хазсан.

Түүн рүү хэд дахин очсон ч захианы хариу өгөхгүй юм гэж худлаа хэлсээр л суулаа. Хичнээн дөлж зугтааж байсан ч, төв хаалганы өмнө Булгамаа бид хоёр санаандгүй улаан халз таарч харц мөргөлдтөл, гунигтай нүдээр их учиртай харснаа цаашаа гүйчихлээ.

- Чи даанч яав даа. Би чамд хайртай байсан юм шүү дээ! гэсэн үгс тэр харцнаас уншигдсан нь балай хүн ч ойлгохоор.

Би шаналж гүйцсэн бол, Ухна дэгэлзэж өндөлзсөөр сандлынхаа хэдэн хадаасыг султгаж дуусган, цаг минут тоолон тогтож ядна. Яг зургаа дахь хоног дээр Булгамаа над руу хүрээд ирсэн агаад, намайг зугтааж булангийн цаагуур орж хараагүй дүр эсгэтэл, араас алхаа тог тог хийн ойртоод л байна. Түүний хөөрхөн шаахайны өсгий нүүр харагдтал лаадаж өнгөлсөн шалан дээгүүр биш, миний тархин дундуур тас тас хийснийг яана. Тохой руу хүчтэй нударч, би түүнийг хараагүй санамсаргүй байсан хүн болох гэж ядруухан жүжиг тоглон хөглөвөл,

- Май, захианы хариу. Шуудан зөөгч гуай! гэж ёжтой өнгөөр хэлчихээд цааш эргэхүйд, түүний нүдэнд энэ ертөнцийн бүх хүн төрөлхтөний хамаг харуусал гунигийг цуглуулаад юүлчихсэн гэлтэй.

“Би чамтай үерхэхийг зөвшөөрч байна” гэж дурайтал бичсэнийг нь хараад, нүдэндээ итгэсэнгүй. Хүн гээч цагаа тулахаар ямар муухай бэртэгчин амьтан юм, хайран сайхан охин, надад уурласандаа энэ тэнэгтэй үерхчихлээ дээ хэмээн харуусчихсан зогслоо. Өнөөх маань бас л итгэж чадахгүй байгаа бололтой алмайрч ангайж байснаа,

- Зөвшөөрчихлөө ш дээ! гээд, Монголын сая таван зуун жаран дөрвөн мянган хавтгай дөрвөлжинг туушдаа доргитол хашгирлаа.

- Ойхоо, Цогоо! Энэ чиний л гавьяа! Чи очоогүй юм гэхэд зөвшөөрөхгүй гэж дэвхцэж цовхочсоор л байна. Сүү шиг цагаан сэтгэлтэй найзыгаа жаахан хүүхэд шиг хөөрч байгааг хараад би саяын увайгүй бодлоосоо учиргүй ичээд, хөөрхий минь ингээд ийм хөөрхөн охинтой үерхчихвэл аштай юу, азтай л эр юм, надтай шил дарж суусан нь аргагүй л хувь заяаны нь тохиол юм байлгүй дээ гэж дотроо үглэж, байдгаараа гэмшин зогслоо. Тэгтэл өнөөх балай чинь анхны болзоондоо намайг заавал авч явна гэж зүтгэдэг байгаа. Би дүрсхийж,

- Дүнхүү юм уу, чи..?! гээд чоно шиг ярзайсан нь мэдээж. Гэтэл гуйж шалсаар байгаад, намайгаа чирчихсэн агаад, Булгамааг авахаар хоёул очвол над руу сэртхийснээ тас намжирдах нь ширүүн. Анхны болзоогоо хийж буй хоёр, хоёр ч гэж дээ гурав, хүүхдийн парк руу чиглэлээ. Хөдөө аймгийн парк гэж юу байхав, уртаашаа хоёрхон тоглоом нь эвдрээд таг болчихсон ч улиаснууд нь сайхан ургасан цэлийсэн уужим хэрмэн хашаан дундуур гурвуул алхаж, намайг аль болох л зай барьж захлах гэхэд Булгамаа хэргээр Ухныг сугадаад, мөрөнд нь толгойгоо наачихлаа. Манай хүн үүнд нь догдлоод л, над руу “Харав уу?” гэсэн харц илгээснээс болоод, миний дотор ахиад л зурагдаад явчихлаа.

- Боль, Цогоо! Болохгүй! гэж өөрийгөө хүчлэн хорьж байсан ч өнөөх асар их гуниг харуусал өрцийг минь бөмбөрдөж эхлэх нь тэр.

- Булгамаа уул нь энэ чөөчгөрт биш, надад хайртай ш дээ! гэж би дотроо бачимдан хашгираад, цаана байх усан сан руу очоод, бүдүүн төмөр хоолойгоор садран асгарах усыг ширтэн зогсохуйд, ус хоолойгоор багтаж ядан хүрхрэн цахарч, усан сангийн мандлыг ууртай алгадан цацарсаар байх нь яг л миний зүрх сэтгэлийн одоогийн төлвийг дүрслээд байх шиг.

Час хийсэн чанга инээд сонсоод, нүдний булангаар өнөөх хоёрыг харвал, охин хэргээр ингэж байгаа болох нь илт, цангинатал инээгээд л, Ямааны эцэг хочит маань байдгаараа хөөрчихсөн хошин адал явдлаа ярьж дуулдана. Ямар гээчийн гайгаар миний ард ирж суусан хар лай вэ? хэмээн би өөрийн мэдэлгүй дотроо бугшсан хэдий ч, хамаг тэнхээгээ гарган өөрийгөө хүчлэн барив. Ухна бол сайн хүүхэд, сайхан сэтгэлтэй учраас Булгамаад сайн хань болж, энэ хоёр аз жаргал дүүрэн амьдарна! хэмээн амандаа маань шиг уншин нүдээ анив.

- Хоёр гурав дахь болзоогоо өөрөө биеэ дааж хийгээрэй, надад та хоёрыг дагаж санжигнах зав байхгүй шүү. Алгебрийн хяналтын ажилд чамаас болоод “4” авчихсан! гэж би орой нь хохилзвол, бие нь өчүүхэн жаахан ч, сэтгэл нь агуу том найз маань над руу хоёр танан шүдээ гайхуулан маасайж,

- Ямар азаар аймгийн энэ олон хүүхдийн дундаас адсага шиг ааштай чамайг олж түшив ээ? Наанаа муухай аашилж байгаа ч цаанаа бол хүнлэг зөөлөн сэтгэлтэй гэдгийг чинь би мэдсэн байхгүй юу! гээд л онгирохыг нь сонссон би дотроо ахиад л бухимдсан нь мэдээж.

- Хүнлэг зөөлнөө ч хат даа. Найзынхаа хөөрхөн охинд дурлачихаад, дотроо бугшаад үхэх нь холгүй байхад.., хэмээн би зүрхээ урж тасчин шаналлаа.

- Ингэхэд Булгамаа Ухнын охин биш шүү дээ. Уул нь надад.., гээд л өнөөх ад зэтгэрийн бодлууд маань бугсалзаад ирэхээр нь, бушуухан дэвтэр номоо хумьж, хичээлээ хийхгүй бол болохгүй гэж шалтаглан холдох түүс болов.

Хөөрхий минь Ухна чөрийж онийчихоод бөөн баяр гүйж орж ирээд, болзоонд тохиосон бүх сониноо тоочин ярьж эхлэх нь зүрхийг минь сэлмээр сийчих мэт тамтай. Надад ярихгүй өөр хэндээ ч ярих билээ, аймгийн зуу зуун хүүхдээс сонгож түшсэн ганц найз гэдэг үнэн юм хойно. Ухна Булгамаа хоёр хөтлөлцөн алхаж, наадах нь хөглөснөө ярьж, цаадах нь учиргүй чанга инээж байгаа нь нүдэнд харагдаж, час час хийтэл хөхөрч байгаа чимээ нь чихнээ ахин хадаж, гавал руу минь зүүгээр чис чис хийтэл шивлээ.

- Үнсэх гэхээр ингэх болоогүй гээд тас гэдийчих юм. Бухан бяруу шиг дайраад байх юм бол...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ