Өгүүллэг 2026.05.03

Хөл муутай дээр нь хөл хүнд эхнэрээсээ салъя гэж бодсон ч...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Хөл муутай дээр нь хөл хүнд эхнэрээсээ салъя гэж бодсон ч...

Орцны гадаа. Зуны шөнийн тэнгэрт одод хаа нэг гялтагнан сүүмэлзэнэ. Зөөлөн сэвшээ салхинд улиасны навчис янагийн үгс хэлэлцэх шиг. Орчин тойрон хөл хөдөлгөөнгүй, нам гүм. Аварга том хөдөлгүүр шиг үргэлж дүнгэнэж байдаг их хот сая л нэг амарч дээ гэмээр.
Хорин хэдхэн настай залуу орцны үүдэнд ганцаараа гунигтайхан сууна. Тамхиа уушгиндаа бүхнийг шингээх гэсэн мэт шуналтай уртаар сорон, суунаглах утааг нь их л сонин зүйл мэт ширтэнэ. Тамхины саарал утаа ам хамраас савсан эрхлэн бүжих мэт орооцолдон байснаа аажмаар сарниж орхино. Хэн нэгэнд сэтгэл зүрхээ уудлан яримаар, эсвэл зүгээр ингээд ганцаараа хэдэн цагаар суумаар ч юм шиг. Юу хүсээд байгааг мэдэхгүй, зүгээр л дотор нэг л бачуу, агаар дутагдав уу ч гэмээр.

Уг нь эргэж хармаар л санагдана. Гурван давхрын хамгийн захын цонх гэрэлтэй байгаа болов уу, тэр цонхон дээр хэн нэгэн түүнийг харуулдан зогсоо болов уу гэж мэдмээр санагдана. Гэвч бардам сэтгэл, эсвэл түрүүнээс хойш дотор бачууруулсан тэр их цухалдал хориглоод чадсангүй.

Гар утас нь халаасанд нь хүнгэнэж л байна. Бодвол "баян" Баяраа л байх. Оготны нүхээр ч шургам овжин, сүйхээтэй ч гэнэгүй залчихдаг, тэр мөртөө баярхах дуртай болохоор ийм хоч авсан хэрэг. Ууж наргих гэж, хааяа ажил төрөл, эрчүүдийн яриа ярих гэж дууддаг ганц найз нь. Даанч наргих дуртай найзыгаа дагаад явчихвал хонуут өнжүүтээр ч явчихаж мэднэ. Тэгвэл Урнаа ахиад л уйлна шүү дээ.

Уйлна гэж бодохоор эхнэрийнх нь шингэхээн урт сормуустай бор нүд нулимс дүүрэн гомдолтой ширтэх харагдах шиг боллоо. Яагаад түүнийгээ уйлуулчихаад байдаг юм бол? Уг нь энэ хорвоо дээр хамгаас хайртай, эмзэгхэн түүнийх нь уйлах хамгийн ихээр зүрх өвтгөдөг шүү дээ. Өнөөдрийн маргаанаар ч гэсэн хүсээгүй атлаа түүнийгээ уйлуулж орхисон. Очиж очиж бас л "баян" Баяраатай уулзах гэснээс болж. Хааяахан нэг гарч орж, шар айраг шимж, найзтайгаа уулзах аятайхан л байдаг. Ямар элдэв хүүхэн шуухан хөөцөлддөг ч биш. Тэгээд ч Баяраатай уулзвал тав арван цаас олох ажлын ая олддог юм чинь.
Анх Урнаатай танилцаж байсан үеэ саналаа. Өвөл байсан шүү дээ. Жавар тачигнасан хүйтэн өвөл. Бас л энэ орцны үүдээр суга таягтай охин гарч ирээд, гялайтал хөлдсөн зам дээр хальтраад уначихсан. Хажуугаар нь сургууль руугаа яаран алхаж явсан Болдоо гүйх биш, бараг л нисэх хурдаар очиж өргөж босгосон шүү дээ. Тэгэхэд урьд шөнөжин орсон цас эргэн тойрон нүд гялбуулсан яг тэр өвлийн хүйтэн өглөө түүнтэйгээ анх харц тулгарсан. Нэг хараад л яагаад ч мартаж боломгүй тийм л дулаахан, гэгээхэн харц байсан. Тув тунгалаг нүдэнд нь Болдоо өөрөө багтаад орчихмоор яг л тийм. Тийм гэдгээ өөрөө ч тодорхойлж чадахгүй.

"Охин минь тахир дутуу шүү дээ. Төрөлхийн л ийм байсан. Насаараа ийм байна гэсэн үг. Чамд хань болохгүй ээ. Сэтгэлийг нь үймүүлэхээс өмнө холдсон нь хэн хэндээ дээр." Хадам ээжийнх нь учирласан, магад битүүхэн тандсан үгс түүнийг мохоож чадаагүй. Цөхрөлтгүй уулзах гэж ирсээр, цонхон дор нь зогссоор, утас руу нь залгасаар байсан. "Ээж утас хураагаад авчихсан. Гэхдээ хайр нь аавыг ирэхээр утсаар нь яринаа. Үнсье" гээд харилцуураа шовхийтэл үнсэхэд нь сэтгэл нь уярсандаа, хатуу хорвоотой тэрссэндээ гүйлгэнэх нулимсаа хүчлэн залгидаг байсан.
Гэсэн ч шантраагүй. Хөөрхөн нүдийг нь харах гэж, гарыг нь атгах гэж, зөөлөн уруулыг нь сэмхэн үнсэх гэж зүүдлэн мөрөөдсөөр ирдэг байсан. "Ид шид гэж байдаг байхаа. Эсвэл энэ зүүд байх. Ингээд хоёулаа эхнэр нөхөр болчихлоо". Урнаа хүүхэд шиг цангинатал инээж байсан. Дандаа ингэж баярлуулмаар, насаараа гар дээрээ өргөж, хорвоогийн хатуу бүхнээс эмзэгхэн түүнийгээ хамгаалж явмаар мэдрэмж сэтгэл дүүргэж чангаас чанга түүнийгээ тэвэрсэн. Хамаагүй чанга тэвэрч ч болохгүй, яагаад гэвэл нь гэмтэж орхино. Хүрсэн болгоноосоо гэмтэж хугарч байдаг яс гэж байдагаа гэж гайхдаг байсан даа анхандаа. Удахгүй дасчихсан.

Ингээд л шинэ амьдрал эхэлсэн. Хорь дөнгөж гарч яваа орь залуухан гэр бүл. Хайр сэтгэл, хүсэл мөрөөдлөөр дүүрэн. Амьдралын ямар ч саад бартаа тэднийг хориглож дийлэхгүй юм шиг, амьдралын хар бүхэн тэднийг тойрох юм шиг, энэ их хайрын хүчийг өөр юу ч дийлэхгүй юм шиг. Инээдтэй, нулимстай өдөр хоногууд.

Гэвч дандаа л "өвдчихдөг" эхнэртэй байх амар бишээ. Хэдий Урнаа хэрийн хүнд баймгүй сэтгэлийн тэнхээтэй ч өдөр бүр, цаг тутам, нэг мөч ч алгасалгүй асарч тойглоход тэвчээр, ухаан шаардагдана. Ам мурийх үе ч байна, маргааш нь шалгалттай гээд нойргүй хонохдоо ч хажуугаар нь эхнэрээ асран халамжлах хэрэг гарна. Ядарч ядарч гэртээ орж ирээд унаад өгмөөр байвч, тэр л хийхгүй бол хөөрхий эхнэрийнх нь хийх зүйлс дэндүү хязгаарлагдмал. Гэтэл нэг л өдөр "Хайраа чи таа даа. Нэг гоё юм." "Юу гэж?" "Өө чи, удахгүй аав болох гэж байж ийм тэнэгхэн ч байх гэж." Хорвоо тэр аяараа эргэх шиг л санагдсан. Аав болно, аав болно гэсэн. Баярлах гайхах зэрэгцсэндээ юу ч хэлж чадаагүй. "Өө чи баярлахгүй байгаа юмуу" гэж гомдонгуй хэлэхэд нь үг дуугаралгүй хүзүүгээр нь тэврээд мэгшсэн. Эр хүн уйлдаггүй гэж боддог байсан ч, тэр үед яагаад ч юм уйлчихсан. Тийм л их баяр хөөр, сэтгэл хөдлөл, догдлолын давалгаа нөмөрч дээ гэж маргааш нь өөрийгөө зөвтгөсөн юм.

Жирэмсэн болоод тэдний ачаа улам л ихсэв. Оюутан болохоор орлого багатай, хааяа нэг цагийн ажил хийсэн болно. Эмч нар Урнааг жирэмслэлтээ зогсоохыг шаардана. Гэвч зөрүүд бүсгүйг дийлсэнгүй. Болдоо ч эмч нарыг дэмжихэд бэлэн байлаа. Гэхдээ эхнэрийнхээ харцыг хараад үг хэлж зүрхлээгүй юм. "Би ээж болно. Харин миний хүүхэд эрүүл саруул төрнө. Хэн ч үрийг минь яах ч ёсгүй" гэж хоолойгоо зангируулахад нь өрөвдсөндөө, бас тэр их зоригоор нь бахархсандаа зүгээр л тэвэрсэн. Тэвэрчихвэл түүнийгээ хамаг хайраараа хуччих юм шиг санагдсан болохоор.

Хөл хүнд, бас бие муутай болохоор эхнэр нь хааяа цухалдана, ойлгомжгүй зан ч гаргана. Ядаж байхад Болдоогийн төгсөлтийн шалгалтууд ойртоод улам л завгүй болчихсон нь нэрмээс болно. Гэдэсний язралт арилгадаг их сайн тос байдаг гэж найз нь хэлэхээр Англиас захиж авчруулах гэсэн ч дөнгөн данган өнөө маргаашаа аргалах тэдний ядуухан төсвөөс хэтрээд чадсангүй. Өөртөө уур хүрч, болдог бол өөрийгөө балбамаар санагдавч тэгж болохгүй. Тэглээ гээд юуг ч өөрчлөхгүй. Үнэндээ бүх зүйлээс ядарч байх шиг санагдах болжээ. Урнаагаа сайхан амьдруулж чадахгүй, дандаа уйлуулаад, гомдоогоод байх шиг, энэ бүхний буруутан нь явж явж өөрөө юм шиг. "Сайн" байж чадахгүй байгаадаа уур хүрмээр.

Энэ удаа ч ялихгүй зүйлээс хайртыгаа гомдоочихоод ингээд сууж байдаг. Ээ дээ, би чинь ийм л ядруу эр хүн байсан юм гэж үү? Хэзээ энэ бүхэн сайхан болох юм бол? Бурхан яагаад бидэнд ийм шудрага бус ханддаг юм бэ? Зөндөө их асуулт байвч хариулах эзэн байхгүй, бухимдмаар. Болдоо тамхины үнс унасан өвдгөө гөвөн босохыг завдтал...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ