Баттулга аян замын явдалд нилээн агсагдаж ядарсан ч гэлээ зорьж ирсэн нутаг хошуу, уул усыг харж сэтгэл нь сэргэсэн янзтай том хүү рүүгээ харан зорьсон хэргээ гүйцэлдүүлсэн хүн шиг баяртай мишилзэв. Баттулгын эхнэр хүүхдүүд машинаасаа майхан сав хөнжил пүүгээгээ буулган бужигналдаж, хаана майханаа босгохоо ярилцаж буй бололтой. Энэ нутгийн уул ус, булаг рашаан нь түүнийг хэзээ ч ирсэн тайван амгалан байдаг тэр л янзаараа угтаж, ''Хүү минь хүрээд ирэв үү, овоо доо!'' гэх шиг налайна. Зуны сүүл сар тул хангай дэлхий ногоорон цэцэгс найган эргэн тойрон шувуудын жиргээ сонсогдож, жаргаж буй нарны туяанд бүх юмс солонгорон байх шиг санагдахад тэртээ бага нас нь бодогдов. Өдийд үхрийн зэлэн дээр утаа май суунаглан эмээ нь: - Миний хүү тэрний тугалыг тавиарай, энийг нь татаарай! гээд их л сурамгай хөдлөн үхрээ сааж байдагсан. Оройн хонь, жаргаж буй наран дор алгуурхан дөхөж ирдэгсэн. Энэ бүхэн одоо нүдэнд нь үзэгдэхгүй ч сэтгэлд нь тодоос тод хадгалагдан үлджээ.
Баттулга улсын байгууллагад санхүүгийн ажилтнаас удирдах албан тушаалд дэвших хүртлээ олон жил ажиллаж, байгууллага, хамт олондоо нэр хүндтэй нэгэн байлаа. Тэтгэвэртээ суугаад удаагүй байгаа тул хөдөө гадаа ч явж амжилгүй их л удсанаа сая анзаарав. Ажилтай байх үедээ өөрийн зуслан энэ тэрхэнд гарах, их л холдвол ойр зуурын амралтын газраар цөөн хоног эхнэр хүүхдүүдтэйгээ явдаг байсныг эс тооцвол ойрын хэдэн жил ингэж хөдөө нутаг руу хүлгийн жолоо залаагүй юм байна шүү гэж хүртэл бодов.
Баттулгын бие ойрд чилээх болсон тул эхнэр хүүхдүүд нь яах учраа ч олохгүй энд тэндхийн сайн л гэсэн эмнэлэг, амралт сувилалын хаалга татавч онош нь тодорхой болдоггүй нь гачлантай. Эмнэлэг бүр л өөр өөрийн онош тавьж хэрэгтэй гэсэн эм тариаг бичиж өгнө. Хичнээн ч эм тан уусан, ямар ч нэмэр тусыг ололгүй бие нь өдрөөс өдөрт алгуурханаар улам муудаж байгааг л анзаарах болов. Өвчин зовлон болох үед эмнэлэгээс гадна бүгд л хаана үзүүлж, хэнээс тус дэм авах тухай, хэн гэгч аврагч байгааг ам дамжсан ярианаас сураглаж сайн л гэсэн бүхэн рүү хандаж эхэлдэг бичигдээгүй хуулиар уулзаагүй хүн, очоогүй газаргүй болов. Эхний үед ч эхнэр нь хаашаа явж хэнтэй уулзуулна л гэнэ дагаад явдаг байсанаа сүүлдээ дургүй нь хүрч явахаа ч болив. Очсон газар, уулзсан хүн бүрт л баахан юм бэлдэж, мөнгө төгрөг, цаг заваа үрээд яваа эхнэр хүүхдүүдээ хараад өрөвдөнө. Нэг удаа эмнэлэгт үзүүлэхээр сууж байтал хамт ажиллаж байсан эмэгтэйтэйгээ тааралдав. Бэр нь эмч гэнэ. Бас тэтгэвэртээ гарсанаа яриад хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ тухай хоёулаа нилээн хуучилж сууснаа:
- Чи хө ингэж эмнэлэг домлогийн үүд сахиж байснаас нутаг руугаа явбал яасан юм бэ! Хүн ер нь өөрийн сэтгэл зүрх нь юу хэлээд, юу хүсээд байгааг анзаарахгүй явдаг юм шүү гэж хэлчихээд, -Олон ач гуч зээ харах ажилтайгаа ч мартаад сайхан хууч хөөрчихлөө. Биеэ бодоорой гээд яваад өглөө. Тэр үед нь юу ч бодсонгүй. Маргааш өглөө нь харин бие нь овоо хөнгөн сэтгэл нь нэг л баяртай байх шиг. Шөнийн зүүдийг нэг нэгэнгүй сэргээн санахыг оролдов. Яах аргагүй бага балчир байхдаа өвөө эмээ хоёрындоо зун бүр очиж амардаг тэр сайхан хангай байсан. Зүүдэнд орсон тэр асар том өвгөн чинь яг л миний мэдэх ''Жижиг өвөө''-гийн дуу хоолойгоор яриад байсан даа. Сонин юм даа. Надад юу гэж хэлээд байсан бэ. Юу ч санахгүй юм. Зүүд нойронд яриа нь тод сонсдоод ойлгоод байсан. Бүр мартах вий гэж хүртэл зүүдэндээ бодоод байснаа санаад байдаг. Би ийм л уймраа болсон юм байхдаа гэж бодож хэвтэв. Эхнэр нь түүнийг өвдсөнөөс нь хойш их л сэргэг болсон бололтой өчүүхэн ч хөдлөхийг андахгүй яав ийв гээд л өндийнэ. Зүгээр дээ!, гэж хэлэхийг сонсоод тайвшрав бололтой эргээд хэвтээд өгөв. Шөнийн зүүдээ бодох тусам тэртээ он цагийн уртад зуны амралтаараа очдог байсан аавынх нь төрсөн нутаг, тэр сайхан уул ус, зуны сайхан дэлгэр цаг, өвөөгийн гэр, мал сүрэг нь яг л кино шиг нүднийх нь өмнүүр хөвөрч эхлэхэд энэ бодлоо таслахгүй байхыг хичээн тухлан хэвтэв.
... Баттулга хүү өглөө сэрээд бор гараараа нүдээ нухлан харсанаа хэн ч байхгүйд гайхсан ч үгүй өндийн сууж нэг том эвшээснээ ухасхийн босож гадаа гарлаа. Эмээ нь хэдэн үнээгээ шувтарч өвөө нь хонины хашаанд юуг ч юм хийж байна. Хонио аль хэдийн бэлчээрт нь залжээ. Алтан наран мандах арай л болоогүй байгаа бололтой тэнгэрийн хаяа зэсийн өнгөөр туяаран байлаа. Хүү өвөөгөөсөө өчигдөр унтах үедээ хонинд ганцаараа явмаар байгаагаа их л аминчлан хичээнгүйлэн гуйхад өвөө нь нэг сүрхий харсанаа:
- Өө миний хүү тэр бололгүй яахав,хэн эртлэн боссон нь л явья! Тэгж тохирох уу даа гээд мушилзав. Харин эмээ нь:
-Миний хүүгийн нас арай бага байна даа, ядаж сургуульд орчихвол өөрөө мориндоо морддог болчихно шүү дээ. Миний муу бор хүүг чинь энэ хавийнхан хот газрын хүү гэхэд малд нүдтэй, гярхай хүү байна, хэдэн хурга ишгээ их сайн хариулаад байх юм л гэлцээд байгаа шүү. Харин миний хүү айлын дэлгэж тавьсан ааруул хуруудыг хамаагүй дураараа бүү авч бай! Гэрээсээ л ойр ойрхон ирж авч байгаарай гэлээ. Ааруул хуруудны яриа гармагц ойд тааралдсан нөгөө хачин өвөө санаанд нь оров. Хонинд явах гэдэг нь ч үүнтэй холбоотой юм.
Тулгаа хүү өвөө эмээгийндээ зун болгон л ирж амарна. Ирэх тун дуртай. Эндхийн юм бүхэн нэг л дотно хэзээ ирэхийг нь хүлээж байсан юм шиг л өөрт нь санагдана. Ар талаараа багаахан хад асгатай орой дээрээ хэдхэн модтой толгойн урд Өвөөгийнх нь зусдаг. Энэ армаг тармаг мод нь үргэлжилсээр баруун талаараа сайхан ой болно. Өмнуур нь хэзээд хүйтэнээрээ байдаг булагтай, ус модондоо ойрхон сэрүүн сайхан хангайд зусна. Эмээ нь мэдээ орсон цагаас нь хойш л хүүд:
- Энэ булаг чинь рашаан юм шүү дээ. Усны шанагаараа усаа зөөж байгаарай. Сүү цагаан идээ, хир буртагаа оруулчих вий. Шувууд үргээж болохгүй шүү! Хангай хайрхандаа өргөл сайн өргөж бай! хүү минь. Энэ уул ус хангай дэлхий чинь амьтай юм шүү дээ, өргөсөн нь үгүйрдэггүй л юм даа. Өргөл өргөсөнийг нь
түшиж тулахаа ч мэддэг юм гэж хүүд уул,ус хангай дэлхийдээ өргөх ааруул хуруудыг зэхэж, хэлэх үгийг нь хүртэл хэлж өгнө. Хүү ч төвөгшөөхгүй өргөнө. Харин хотод гэртээ харихаараа ээж нь хүүг өргөл өргө ч гэж хэлдэггүй, өөрөө ч өргөхгүй яваад өгнө. Хүү ээжийгээ ажилдаа яараад тэгдэг байх бас байрныхнаас ичдэг юм болов уу гэж боддог болохоор юу ч асуудаггүй байлаа.
Хүүг амрахаар ирэхэд нь шувууд хэзээний л үүрээ засаад өндөглөчихсөн байдаг тул үүрийг нь дайруулахгүй гэж хурга ишгээ тойруулж туухаа хүү мэднэ.
Нэг удаа хүү хурга ишгээ даган тоглосоор явтал гэрээсээ нилээн холджээ. Том том хад чулуутай, цэцэг ногоо нь алагласан ойн захад ирсэн байлаа. Ой модноос тэр чигтээ гүзээлзгэнэ үнэртэх нь хүүд нэн тааламжтай. Хүү газар хэвтээд навчисын доогуур харахад энд тэндгүй гүзээлзгэнэ бөнжигнөнө. Эхлээд ганц нэгээр нь түүж идсэнээ дараа нь гар дээрээ овоолон ам руугаа хийж амтархан идэв. Энд хад чулуу нь хатаах гээд дэлгэсэн ааруул хурууд шиг тэгшхэн, том зарим нь бүр гулсаж тоглож ч болмоор санагдахад хүү ихэд баярлав. Гулсаж тоглох санаатай хүү яаран гүйхэд хэдэн ишигнүүд нь хэзээний гарчихсан тонгочиж харагдана. Том хадыг өнгөрөн гүйтэл нэг юм нүднийх нь үзүүрт харагдах шиг болов. Ишиг хурга л байх гэж бодтол сүр сар хийх чимээ гарахад хүү ихэд цочсондоо холдох гээд мөчирт тээглэн ойчив. Толгойгоо өндийлгэн хартал хадан дээр нэг хачин амьтан байлаа. Сууж байгаа зогсож байгаа алин болох нь мэдэгдэхгүй юм. Хачирхалтай нь хүү ер айсангүй. Хүү босож зогсоод нөгөө амьтанаа сайтар харлаа. Тэр яг л хүн шиг бөгөөд маш жижигхэн биетэй, халуун зуныг ажрахгүй үс нь гадагш харсан дээлтэй, хоёр жижигхэн хөлдөө хүүхдийн бойтог шиг гуталтай, том толгойтой, урт сахалтай халзан өвөө байлаа. Түүний халзан толгойн орой халууцаад уур савсаж байна уу даа гэлтэй харагдав. Тэр өөрийг нь огт харахгүй байгаа юм шиг сууж байлаа. Нөгөө өвөө хээвнэг гэртээ байгаа юм шиг хадан дээр завилан тухалснаа:
-Хүү амгалан морилж явна уу? Чамайг Доржсамбуугийн Баттулга гэдэг биз дээ, танай өвөө, эмээг би мэднээ. Гэхдээ би тэдэнд харагддаггүй юм. Харин өвөө эмээгийнхээ үгэнд сайн ордог, зоригтой зарим нэг хүүхдэд бол хааяа харагддаг гэлээ. Тэгж хэлэхдээ ам нь огт хөдлөхгүй мөртлөө хүүгийн чихэнд яриа нь дуулдаад байх юм. Тулга хүүд их л сонин хачин санагдаж улам ойртов.
- Манай өвөөгийнхийг мэддэг юм бол та яагаад очдоггүй юм. Та хэн бэ? гэхэд, нөгөө өвөө үргэлжлүүлэн:
- Танай өвөөг Дондовын Насанбат эмээг Жигжидын Дуламсүрэн гэдэг биз дээ гэхэд хүү өвөө,эмээгийнх нь нэрийг зөв хэлсэнд баярлан:
- Тийм ээ, та яаж мэдэж байгаа юм бэ? Манай өвөө, эмээ таныг таних уу? гэхэд:
- Би өргөө бүрээр ордоггүй ээ. Харин чиний өргөлийг би үргэлж авдаг гэлээ. Хүү юу ч ойлгоогүй боловч юм хэлсэнгүй. Энэ юун өвөө болохыг эмээгээсээ л асууя гэж бодтол: -Надтай хөөрөлдсөн тухайгаа хэнд ч бүү хүүрнээрэй гэж хэлэх үед ойролцоох хадан дээр хоёр ишиг мөргөлдөхөөр хойд хоёр дээрээ тогтож ядан дэнжигнэхийг хараад хаднаас хальтирчих вий гэж бодох зуураа нөгөө өвөөгийн тухалж байсан хад руу хартал алга байлаа. Хүү хадны эргэн тойрон хараад юу ч олж харсангүй. Сая юу болов оо гэх шиг гайхан хэсэг зогссоноо гэнэт хурга ишгээ санаж ухасхийн гүйв. Адтай хэдэн ишиг том том хадны оройд гарчихсан цовхчиж харагдав. Гэнэт хүүд хурга ишгээ туугаад хурдхан харимаар санагдах нь тэр. Хурдхан очиж эмээдээ ярья гэж бодтол саяын өвөөгийн хэлсэн санаанд нь орж эмээ өвөөдөө хэлэхээ больсон нь дээр гэж бодов. Хурга ишгээ алгуурхан туугаад гэрийн зүг явлаа. Сая юу харсан, сонссоноо бодоод нэг л сайн ойлгохгүй байлаа. Яах аргагүй л өөртэй нь яриад байсан даа. Тэгэхдээ бүр өвөө эмээгийнх нь нэрийг хэлсэн шүү. Хүү гэнэт өвөө эмээ хоёрынхоо овгийг мэддэггүйгээ санаж очиж асуухыг яарав. Хэрэв буруу хэлсэн байвал надаар хүүхдүүд даажигнасан гэсэн үг гэж бодсоноо хүүхэд бол яав ч биш байсан даа гэж бодсоор явтал гэрийнхээ арын модтой толгой дээр гарч ирэв. Эмээ нь өөдөөс нь ирж явна. Хүү хурга ишгээ орхичихоод эмээ рүүгээ хар хурдаараа гүйв.
- Өө миний хүү яасан их холдоо вэ? Эмээ нь хүүгээ харагдахгүй болохоор санаа зовоод, миний хүү дахиад ингэж бүү холдож бай! Хонь ирэх арай болоогүй шиг байна, хурга ишгээ энд нь орхичих, миний хүү харьж унд уу! гэж эмээгээ хэлэхэд, хүү саяхан харсан сонссоноо эмээдээ хэлэх гэснээ, хэнд ч бүү хэл! гэснийг санаж:
- Эмээ тэнд гулсаж тогломоор сайхан том хадтай юм байна лээ. Дараа очиж тоглоноо гэхэд эмээ нь:
-Пээ миний хүү чинь тийм хол яваа юу гэж дуу алдахад нь Тулга хүү дэмий л хэллээ гэж харамсав. Тэгээд:
- Эмээ таны аавыг хэн гэдэг байсан бэ? Их сайн хүн байсан уу? гэж асуухдаа яагаад ч юм нөгөө өвөө зөв хэлсэн байгаасай гэж бодов. Эмээ нь:
- За миний хүү чинь эмээгээсээ яагаад л ингэж асуугаад байна даа гээд, -Эмээгийнх нь аав залуудаа гайгүй сайн барилдчихдаг, моринд гарамгай, зориг зүрхтэй тийм хүн байсан даа. Нэрийг нь уг нь Жигжид гэдэг байсан ч нутгийн олон Анж гэж авгайлан дуудсаар зарим нэг нь ч алдар нэрийг нь мэдэхгүй байх шүү. Муу аавыг минь нутаг хошууны улс амьтан их л ам сайтай дурсан байх нь сайхан л байдаг юм гэж хэлээд санаа алдав. Тэгэхэд Тулга хүү, эмээ минь одоо ч гэсэн аавыгаа санасаар л байдаг байх нь гэж бодоод эмээгээ өрөвдөв. Гэнэт нөгөө жижиг өвөөгийн хэлсэнээр эмээгийнх нь аавын нэр таарсанд тун их гайхав. Тэгвэл өвөөгийнх минь таарах болуу гэж бодоод,
-Эмээ, тэгвэл өвөөгийн аавынх нь нэр хэн бэ? гэхэд эмээ нь:
-Дондов гэж хүн байсан гэж хэлсэнээ...