Өгүүллэг 2026.05.03

Хоёр залуугийн дунд будилж явсан Оюухай эцэст нь харамсаад ч баршгүй...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Хоёр залуугийн дунд будилж явсан Оюухай эцэст нь харамсаад ч баршгүй...

“Өлзий эмгэний ганц хүү эхнэр авсан гэнэ ээ” гэж нутгийнхан сонин болгож хөөрөлдөнө. “Намар цагийн тариа хураалтаар оюутан залуусыг сонжин явсаар нэг охинтой учир ургуулсан нь, жилийн дараа хүүхэд тэврээд хүрээд ирсэн юм гэж зарим нь мэдэмхийрнэ. Тэр охины анхны амьдрал бүтээгүй юм гэнэ лээ гэж бас нөгөө нь хужирлана. Сургууль соёл ч төгсөөгүй Ганбааг ер нь ямар олигтой хүүхэн тоох вэ гэж Дулмаа шаралхана. Цаадах чинь нутгаасаа холдож үзээгүй мөртлөө энэ удаа өөрөө яваад аваад ирсэн юм гэнэ лээ...” гэхчлэн үнэн худал нь мэдэгдэхгүй олон янзын цуу яриа ам дамжин тархана. Ямартай ч Ганбаагийн “Хуримын тов” тодорхой болж, айл болгонд урилга хүргэжээ.
Ургац хураалтын ажил эхлэж, хөндийд машин техник сүлжилдэн, хол ойроос ирсэн хүмүүс бужигналдан байхад Ганбаа шарга морио уначихсан ногоон талбайг чиглэн хатируулж яваа харагдана. Өлзий эмгэн үхэр тугалаа бэлчээрлүүлчихээд, үдийн алдад хүүгээ сэрээж “Ажил хийж байгаа хүмүүст цайны сүү дөхүүлэнгээ, Самдан дарга ирсэн байна уу, мэдээд ир” гэж явуулсан нь энэ аж. Ганбаа мориноосоо бууж, богцтой юмаа сугалдаргалан хүмүүсийн зүг алхална.

Тэрээр хүмүүстэй мэнд мэдэнгээ ижийнхээ явуулсан цайны сүү, бетонтой тараг, жаахан өрөм ааруулыг тэдэнд дэлгэн тавив. Самдан дарга төгсөх ангийн оюутан залуусын хүчээр ажил амжилттай явааг дуулгаад “Та хоёрынхоо ачаар тариа ногоо ч бүрэн бүтэн сайхан байна. Өлзий эгчдээ очихоос өмнө, чи хүрээд ирчихлээ. Зунжин талбай сахисан Ганбаагаа шагнана аа...” гээд мөрөн дээр нь алгадана. Чингэснээ цай аягалах шар охиныг “Энэ манай аж ахуй, гал тогоо, арын алба хариуцдаг хариуцлагатай хүн байгаа юм. Чи түүний туслахаар манайд ажил хийж болно шүү...” гэв. Ганбаа цэвэрхэн царайтай, шардуу охиноос халуун цай гардаж аваад “Ажил байвал амжуулнаа...” гээд толгой дохив.
Өлзий эмгэн ч “Цөөн малтай хоёулд хэд гурван төгрөг нь хаа байхав. Тэг, хүү минь. Ажил төрлийг нь гялалзтал сайн хийгээд, хэсэг ч болов, олонтой танилцаж, бужигнаж яваад ир...” гэж захижээ.

Тэр өдрөөс Ганбаа, Оюухайгийн бүхий л ажилд нь оролцдог “Баруун гар”-ынх нь туслах, олон залуусын дунд “Гүйдэг нярав”-ын ажлыг идэвхитэйгээр гүйцэтгэх болов. Оюухай бүгдээс урьтан, эртлэн босч хүмүүсийн цай ундыг бэлтгэж, оройн хоолны дараа аяга тавгийг хураах хүртэл завсар чөлөөгүй хөдөлнө. Ганбаа түлээ мод бэлтгэж, гал түлэхээс авахуулаад, “Илүү гэр”-т хураасан элдэв янзын материалыг хэрэгтэй хүнд нь тоо ёсоор нь хүлээлгэж өгнө. Залуус “Засагт хэрэгтэй зайран”-гаар солио холио, сонин хачин юу байна гэж яриа өднө. “Илүү гэр” дотор боодолтой шуудай, тос масло, төмс ногоо, гурил будаа, ажлын бээлий, багаж хэрэгсэл, хучлага дэвсгэр, сав суулга гээд нилээд хөрөнгө харагдана. Ганбаа хааяадаа хүмүүстэй ам халан бурж, сонин хачинд дурлах хэрнээ Оюухайг дуудахад хаанаас ч гэсэн гараад ирнэ. “Энэ хөдөөнийхөн гэж хэл яриа нь бэлэг танхай, үгэн дотроо үг багтаасан айхтар хүмүүс шүү...” гэж зарим нэг нь Ганбааг хөөргөнө. Оюухайгийн хэлсэн бүхнийг ягштал биелүүлж, түүртэлгүй ажлаа амжуулж байгааг хараад Самбуу дарга магтаалын үгсээр урамшуулна. Заримдаа тэр хоёр ажлаа хийх зуураа, элдвийг хуучилна. Оюухай ихэвчлэн ангийнхныхаа тухай, оюутан насны адал явдлын тухай, сургуулийнхаа тухай, бүр хэнд сайн гэдгээ ч нуулгүй ярина. Ганбаа яриаг нь сонсоод хааяа нэг атаархсан шинжтэй ёжлонгуй харж Оюухайг ичээнэ. Бүлтгэр алаг нүдтэй, зальтай царайтай, жижигхэн бор залуугийн тухай Оюухайг ярихад нь Ганбаа илүү анхааралтай сонсоно. Тэр залууг хааяа ирж хоол нэмүүлэхэд нь Оюухайгийн баярлаж байгааг ч сайтар ажиглана. Харин Ганбаа энэ нутгийн уулс ус, өвөг дээдэс, дурсгалт газруудын тухай, бас ээжийнхээ тухай ихэвчлэн хүүрнэнэ. Тэд ингэж өдөр болгон түлээ мод, хоол унд гэсээр, бие биенийгээ харцаараа ойлгодог хамтрагчид болжээ. Заримдаа нөхөд нь тэр хоёрыг “аав ээж хоёр” гэж жиг жуг холбож наргина. Тэр байтугай “Ганбаа, чамд сэтгэлтэй юм биш үү” гэдэг үгийг Оюухай тэднээс нэг биш удаа сонсжээ. “Бид хоёр чинь зүгээр л сайн найзууд байхгүй юу! Манай Ганбаа чинь хүнд тусархуу, цагаан цайлган зантай, ажилсаг, хорхойд хоргүй, сайн залуу...” гэж тэр дор нь хариу болгож тайлбарлана.

Усанд явсан хоёр голын эрэг дээр хэсэгхэн амрав. Ганбаа нурууныхаа чилээг гаргаад дээш харан хэвтэнэ. Бүрэн унаж гүйцээгүй модны навчисын дундуур намрын наран гялтаганана. Дэргэд нь сууж байгаа Оюухай “Ганбаа, чи хүнд хайртай болж үзсэн үү?, Чамд хайртай хүн байдаг уу?, Чи Батааг ямар залуу гэж боддог вэ?” гэхчлэн элдвийг шалгаана. “Үгүй ээ..., Байхгүй ээ..., Мэдэхгүй ээ...” гэж Ганбаа товчхон хариулна. Тэгснээ нөгөө хайртай залуугийнх нь тухай дуусашгүй ярианы хариу болгож “Оюухай, чи тэгээд цаадахдаа сэтгэлтэй гэдгээ хэлсэн нь дээр юм биш үү?!.” гэж зөвлөнө. Ганбаа зарим яриаг сонсоогүй атлаа “Эр хүн гэдэг чинь эзэмдэж шунаглахаас өөрцгүй, өөдгүй амьтан байж болохгүй биз дээ. Хэн нэгэнд хайртай гэчихээд, өөр хүнд бас хэлээд явж болдог юм уу? Хүний үнэ цэнэ ямар байдгийг мэдэхгүй нөхөр, өнгө мөнгөөр бүгдийг хуурч чадахгүй л дээ. Дөнгөж дэлбээлж буй цэцэг бүрийг чадлаараа тасдаад өнгөтэй өөдтэй явахгүй л болов уу!” хэмээн өөртэйгээ ярина. Оюухай бодлыг нь уншчихсан юм шиг “Чи яагаад байгаа юм бэ?! Хүнээр тохуурхаад. Хэзээ эмэгтэй хүн чинь түрүүлж сэтгэлээ илчилж байсан юм. За за,... бос, явъя. Үдийн хоол хэцүүдлээ.” гээд цааш алхав. Ганбаа босч дээлнийхээ хормойг гөвөөд араас нь дагана.

Намрын ургац хураалт өндөрлөж, олон хоног хар бор ажил хийсэн залуус сэтгэлээ баясгаж “Ургацын баяр”-аа тэмдэглэнэ. Задгай талбайд хөгжим хангинуулж, баярласан таларахснаа илэрхийлэн, нэгэн үдшийг дуу хууртай сайхан өнгөрүүлэх хөтөлбөрийг Самбуу дарга танилцуулав. Залуус дуулалдан бүжиглэхийн зэрэгцээ тас няс хийж, оч гялалзах галын дэргэд бие биедээ сэтгэлийн үгсээ нууцхан шивнэлдэнэ. Самбуу дарга харьж яваа нас, гундаж буй өнгийг мартагнан хошин үгсээр залуусыг хөгжөөнө. Оройхон Оюухайгийн үргэлжийн магтан мөрөөддөг Бат гэх залуу Ганбаад хандан “Өнөөдөр найзуудтайгаа наргиж болно шүү. Надад уралдаанд түрүүлсний шагнал хэдэн бор юм байгаа. Оройхон сумын төв орцгооё. Чи хөтөч хийгээрэй” гэв. Батын яриа, шуугиан дунд сонстохгүй тул байдаг чангаараа чихэн дээр нь хашгирна. “Чи Оюухайг сонирхоод байна уу. Цаадах чинь сэтгэл хөнгөн, наргих дуртай, сайхан хүүхэн. Найз нь хэлээд өгөх үү” гэж сонстов. “Оюухайгийн нөгөө нандигнаад байсан зурам шиг гулжигнасан нөхөр, өөрийг нь ингэж яриад, явж байх ч гэж дээ.” гэх бодол Ганбаад төрнө. Бат яриагаа үргэлжлүүлэн, согтуу талимаарсан нүд гарган “Ганбаа, өнөөдөр найз нь Гүнжээтэй үдшийг сайхан өнгөрөөнө. Чи цаадахтайгаа учраа ол...” гээд цааш эргэв. Гэтэл хоёрхон алхамын цаана Оюухай энэ бүхнийг сонсчихсон, бор алаг нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн зогсож байгаа харагдана. Ганбаа Батаагийн хойноос тэндээс холдов.
Бат хээр өнчирч ургасан зулзаган хус шиг цагаан хүүхний өмнө очоод хүзүүдэн авав. Түүнийг тэсэн ядан хүлээж байсан Гүнжээ инээмсэглэн угтана. Ганбаа Батыг эргүүлэн харуулаад нударга буулгаад хэдэн үг урсгав. “Чиний айсан зурам шиг бүлтгэрийг чинь бодвол, миний хоёр онигор хүн таних дээрээ арай дээр юм байна.

Тэгээд ч Оюухай чамайг бодвол ажилтай, аливаад сэтгэлтэй хүн. Би чамайг Гүнжээд доль засаж байхыг чинь мэдсэн ч, Оюухайгийн сэтгэлийг бодоод хэлээгүй юм. Гэтэл чи Гүнжээд хайргүй, өөрийнхөө араас гүйгээд байдаг гэж Оюухайд худлаа хэлсэн биз дээ. Ингэж хүмүүсийн сэтгэлээр тоглож болдог юм уу. Гүнжээ миний найз, наадхаа хая. Чиний л лав тулж түших хүн биш. Ганц удаагийн ухамсарын шанааг гарын чилээ гаргасан гэж битгий андуураад, гоншигноод байгаарай” гээд хоёр гараараа цааш нь түлхэв. Ичгэвэртэй байдалд орсондоо шаралхах Бат Ганбаагийн өргөн шанааг татгавнахыг нь хараад айсан янзтай “Уучлалт” гуйн урваганана. “Юуны чинь уучлалт!?. Эхлээд өөрөө өчүүхэн царайлчихаад, эцэст нь юугаа донгосоод байгаа юм. Үзүүлээд өгнө шүү” гэж ширэв татаад Оюухайг мөрлөн гэдрэг эргэв.
Тэр оройноос гуравхан хоногийн дараа...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ